Ажилтай, орлогтой болох иргэдийн тоо нэмэгдсээр байна
Нэг үеэ бодвол ажилгүй, гэртээ зүгээр суух иргэдийн тоо харьцангуй буурч, өмнөө зорилготой, аливааг сурч мэдэхийг хүсэн, түүгээрээ амьдралаа аваад явчих чадалтай иргэдийн тоо нэмэгдсэнийг албаны хүмүүс хэлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хөтөлбөрүүдэд хандан ажилтай орлогтой болсон иргэд цөөнгүй байна. Тэд өнөөдөр хандсан зүг бүрт боломж байдгийг уриалж байна.
Ажил хийвэл ам тосдоно гэдэг. Зүгээрийг хийгээд залхуураад суувал ажилгүй, орлогогүйн дээр өөрийгөө хөгжүүлэх үүд хаалга нь үргэлж хаалттай байдгийг энд хүрэлцэн ирсэн хүмүүс хэлж байна. Нийслэл хот, хөдөө орон нутагт гээд хаана ч ажлын байр бэлдэх зорилгоор нийслэлийн хөдөлмөрийн газраас хөдөлмөр эрхлэлтийн сургалтыг зохион байгуулсан байна. Энэ сургалтанд хамрагдсан 1960 гаруй иргэнээс өнөөдөр 1170 гаруй иргэн ажлын байранд зуучлагджээ.
Бидний сургалт- Таны амжилт сэдэвт энэхүү үзүүлэх сургалтанд хамрагдсан байгууллага, аж ахуй нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ иргэдэд танилцуулж байна. Оёдол эсгүүр, талх нарийн боов, гар урлал, гоо сайхан гээд амьдралын алхам тутамд шаардлагатай мэргэжлүүдээр сургалт явуулж иргэдийг ажлын байранд зуучилдаг байгууллагын төлөөллүүд энэ үзэсгэлэнд оролцлоо.
Өмнө нь явуулж байсан сургалтанд хамрагдсан иргэдийн хоол унааны зардлыг төрөөс олгодог байсан. Яг ийм байхад суралцагчид сурах идэвхи багатай, халамжийн зардлаа авах гэж л өдрийг өнгөрүүлдэг байсан тухай албаныхан хэлж байна. Харин энэ жилээс эдгээр зардлуудыг хасч, сургалтын чанар, техник технологийг сайжруулах арга хэмжээг авчээ. Ингэснээр суралцагчийн идэвх сайжирч өмнөө зорилготой, ажилтай орлоготой болох эрмэлзлэлээр дүүрэн байх болжээ. Өнөөдөр явагдсан үзүүлэх сургалтаас өндөр шалгуурт тэнцсэн албан байгууллагуудыг нийслэлийн хөдөлмөрийн газраас нэрэмжт өргөмжлөлөөр шагнахаар боллоо. Бидний сургалт- Таны амжилт үзэсгэлэн жил бүр явагдана.