Ажилгүй, ядуу буурай иргэдэд зориулсан бизнесийн зээл олгоно
Бичил бизнес эрхлэх хүсэлтэй иргэдийн хувь хэмжээ нийслэлийн 1.3 сая иргэний дийлэнхи хувийг эзэлж байна. Гагцхүү эдгээр иргэд төр болоод банк санхүүгийн ямар нэгэн хүнд суртал, олон шат дамжлага, өндөр шаардлагаас болж зээл авч бизнесээ эхлүүлж чадаггүй. Тэгвэл энэ байдал тун удахгүй түүх болон үлдэхнээ.
Нийслэл анх удаа “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулж 2014 оныхоо төсвийг болосвруулахдаа нийслэлийн 152 хорооны 318 мянган өрхөөс санал авсан. Санал асуулгаар иргэдийн дийлэнх нь бичил бизнес хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Иймээс нийслэл түүхэндээ анх удаа 2014 оноос эхлэн бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон юм. Иргэдийн саналыг үндэслэн уг хөтөлбөрийг санхүүжүүлэхэд нийслэлийн 2014 оны төсөвт 15,2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд нийслэлийн 152 хороонд дунджаар 100 сая төгрөг, цаашлаад хэрэгцээнээсээ хамаарч 200-300 сая төгрөгөөр төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Аливаа төслийн сонгон шалгаруулалт, хэрэгжүүлэлтэд төрийн байгууллага, арилжааны банк оролцдог бол уг хөтөлбөрт зөвхөн иргэд өөрсдөө оролцох боломжийг олгохоор тусгажээ. Тухайн хороонд Хөршийн холбоо гэж байгуулах бөгөөд тус холбоо нь шаардлага хангасан төслүүдийг хүлээн авч шалгаруулан, санхүүжилтийг олгож, хэрэгжилтэд хяналт тавин ажиллана. Ингэснээр олон төрлийн шат дамжлагагүйгээр зорилтот бүлгийн иргэд бичил бизнесийн төсөл хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. Тодорхой зорилтод бүлэг уруу чиглэсэн энэхүү хөтөлбөр нь 2014-2016 он буюу нийт 3 жилийн хугацаанд хэрэгжинэ. Жилд дундажаар 10 иргэнийг ажлын байртай болгоно гээд бодохоор 3 жилийн хугацаанд 30 гаруй мянган хүн бодит байдлаар ажлын байртай болно гэсэн үг юм. Иргэн та хэрвээ энэхүү бичил бизнесийн хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл тог цахилгааны мөнгөө тогтмол төлдөг байх шаардлагыг л хангасан байх ёстой гэнэ. Нэг хүн дундажаар 5-10 сая төгрөгийн зээл авах боломжтой гэнэ.