Ажилгүйдлийн түвшинг 5 хувьд хүргэнэ
Ажилгүйдлийн түвшинг энэ жил нэг оронтой тоонд барьж чадлаа. Тэгвэл цаашдаа зорилтот бүлгийг тодорхойлж, түүгээрээ дамжуулан ажилгүйдлийг бууруулна гэнэ. 2016 он гэхэд таван хувь болгох боломжтой юм байна.
Монгол улсын засгийн газар ажил орлоготой Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд 150 мянган ажлын байрыг бий болгохоор төлөвлөжээ. Ингэхдээ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 500 тэрбум төгрөг төсөвлөж байгаа юм. Учир нь тогтмол орлоготой ажил эрхэлж байгаа хүмүүсийн 18 хувь буюу 203 мянга, өрхийн үйлдвэр эрхэлж байгаа 25 мянган хүн байгаа юм. Энэ салбарыг дэмжиж чадвал ажлын байр шинээр бий болж, одоо байгаа нь хөл дээрээ зогсох боломж бий.
Харин хөдөө орон нутагт ажлын байрыг бий болгох боломж нь сум хөгжүүлэх сан юм. Төсөвт 150 сая төгрөг сууж, ажил эрхлэх сонирхолтой тэр бүлэгт дэмжлэг үзүүлнээ. Цаашилбал мэргэжлийн боловсролын салбарыг чадавхжуулах замаар мэргэжлийн чанарыг дээшлүүлэх юм. Ингэж цогц бодлогоор ажиллавал ажилгүйдэл буурна. Ажлын байрыг бий болгох нэг хэрэг. Түүний цаана идэх талхаа барьж чадах мэргэжлийн ур чадвартныг бэлдэх ёстой. Ажил идэвхтэй хайгчдын дунд 40-өөс дээш насныхан томоохон жин дардаг. Мэргэжлийн арга туршлагатай ч орчин үеийн технологиос хоцрогдсон юм.
Тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлвэл хамгийн итгэлтэй ажилтнууд бий болох юм. Харин дараагийн анхаарал татсан хүмүүс нь залуус. Ерөнхий боловсрол, дээд боловсрол эзэмшсэн ч ажлын туршлага байхгүй нь тэдний гологдох шалтгаан болдог. Төр бодлогоор дэмжиж чадвал ажилгүйдэл буурах боломж бий. Тэгвэл 40-өөс дээш насныхан, залуучуудын тооноос илүү жин дарах хэсэг нь гэртээ суух эмэгтэйчүүд юм. 2016 он гэхэд ажилгүйдлийг таван хувьд барихад цогц бодлого туйлын чухал. Ажиллах хүчийг бэлтгэж, ажил олгогчдыг холбох нь гол асуудал байгаа юм. Хөрс суурийг бий болгон, бодлогоор зохицуулаад өгвөл энэ тоо холын бус ойрын ирээдүйн ажил гэж байна.