Архиваас · Нийслэл

Иргэдийн оролцоотой хот төлөвлөлт ирэх онд эрчимтэй өрнөнө

UBS.mn

Иргэдийн оролцоотой хот төлөвлөлт ирэх онд эрчимтэй өрнөнө

20131212_nii

Өнөөдөр хотод үүсээд байгаа замын түгжрэл, агаар хөрсний бохирдол, дэд бүтцийн хомсдол хөдөөнөөс хот руу чиглэсэн их нүүдэлтэй холбоотой гэж тайлбарладаг. Гэхдээ хот ийм байдалд хүрэхэд нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл бол холыг харж чадаагүй хот төлөвлөлтийн бодлого гэхэд маргах хүн үгүй биз. Харин нийслэлийн шинэ удирдлага хотыг төлөвлөхдөө иргэдийн оролцоог хангах, тэдний үгийг сонсох, үүрэг хариуцлагыг нь ч давхар хүлээлгэхэд ихээхэн анхаарч байна. Нэгэнт иргэд шийдвэрээ өөрсдөө гаргасан болохоор түүнийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх ажил ч үр дүнтэй байгаа юм. Энэ бүхний хамгийн том , тод жишээ бол гэр хорооллыг дахин төлөвлөх их ажил. НИТХ-аас иргэдээс саналыг нь авч, Гэр хорооллын дахин төлөвлөлтийг 20 байршилд хэрэгжүүлэх шийдвэр гаргаж, эхний ээлжинд 12 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу төсөл хэрэгжүүлэх компаниуд тодорч ажилдаа орсон. Харин ирэх оноос хотын захын гэр хороололд газар шинэчлэн зохион байгуулах ажлыг эхлүүлэх гэж байна. Түүний бэлтгэл ажлыг хангахын тулд өнөөдөр “Иргэдийн оролцоотой хот төлөвлөлт” сэдэвт зөвлөгөөн хийсэн юм.

НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын хөгжлийн газар гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлыг амжилттай эхлүүлсэн. Энэ хүрээнд эхний ээлжинд хотын төвийн бүсэд хамрагдаж буй гэр хороололд барилгажих төсөл хийж байгаа юм. Харин ирэх оноос гэр хорооллын дундын болон захын бүсэд газар шинэчлэн зохион байгуулах төслийг эрчимжүүлнэ. Хамгийн гол нь энэ ажилд иргэдийн өөрсдийнх нь оролцоо ихээхэн чухал байгаа юм. НЗД-ын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт, “Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд бүтэц, ногоон байгууламж бүхий амины орон сууцны хороолол болгон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дүүрэг, хороод тус бүрээр бүсчлэн боловсруулж 6 жилийн дотор хэрэгжүүлнэ” гэж тодорхой тусгасан. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах, төлөвлөх, барилгажуулах үйл ажиллагааны хүрээнд явуулж байгаа энэ ажилд иргэдийн оролцоо, бас хүлээх үүрэг өндөр гэдгийг дахин сануулах байна.