ИНЕГ-ын нисэхийн сургалт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалт явуулдаг боллоо
Дэлхий нийтээрээ аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг эх орныхоо хөрсөнд нийцсэн, эрүүл аюулгүй баталгаатай, найдвартай гэсэн чанарын шаардлагыг ханган, хэрэгжүүлэх болжээ. Энэ ч үүднээс олон нийтэд үйлчилж байгаа болон тэдний гарт хүрч байгаа бүхэн баталгаажсан байх ёстой. Өнөөдөр ИНЕГ чанарын удирдлагын тогтолцооны айсо 9001 2010 MNS гэрчилгээг гардан авлаа. ИНЕГ-ын нисэхийн сургалтын төв нь энэ гэрчилгээг анх удаа гардан авч байгаа бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх эрхийг эзэмшиж байгаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл монголд эзэмшсэн ур чадвараа хяналт шалгалтгүйгээр дэлхийд өрсөлдүүлэх боломжтой юм. Мөн өнөөдөр нислэгийн цаг уурын төв тус гэрчилгээг гардан авч найдвартай мэдээ мэдээллээр улс орноо төлөөлж цаг уурын бүхий л мэдээллийг хүргэхээр болж байна.
Нислэгийн цаг уурын төв нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдэж байгаа бүх төрлийн агаарын хөлөгт цаг уурын мэдээ мэдээллээр үйлчлэх зориулалттай юм. Өнөөдрийн байдлаар 47 хүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 83,9 хувь дээд боловсрол эзэмшсэн олон улсын удирдлагын тогтолцооны шаардлага хангасан байгаа юм. Анх энэ оны 12р сарын 4нд айсо 9001 2008 гэсэн гэрчилгээг гардан авсан бол өнөөдөр чанараа дахин бататгалаа. Харин олон улсын стандартчиллын байгууллагын энэхүү гэрчилгээг ИНЕГ-ын харьяа газрын үйлчилгээний алба давтан авсан юм.
1957 онд иргэний нисэхийн газрын үйлчилгээ үүссэн тэр цагаас хойш тоног төхөөрөмж, харьяа салбаруудад тээврийн үйлчилгээ үзүүлэх, орон нутгийн шатахуун хангамж зэргээр хангахад газрын үйлчилгээний алба чухал үүргийг гүйцэтгэсээр иржээ. Тус албаны ажил үйлчилгээнд Орос, Герман, Франц, АНУ, Солонгос, Япон зэрэг 10 гаруй орны 50 гаруй төрөл маркийн автомашин механизм, тоног төхөөрөмжүүд ашиглагдаж байдаг учраас өнөөдрийн энэ гэрчилгээ нь тэдний ажлын ур чадварыг улам бататгасан гэж ойлгож болох юм. Манай улсын иргэний нисэх ерөнхий газрын албад болон харьяа газрууд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн монгол брэндийн эзэд болж байна.