Агаарын Бохирдолыг бууруулахад иргэдийн оролцоо чухал үүрэгтэй
Нэг сая давсан хүн амтай нийслэл хотод мундахгүй олон асуудал байдаг. Үүний нэг нь тоосжилтоос үүссэн агаарын бохирдол юм. Судалгаанаас үзэхэд өвлийн улиралд тоосжилт дээд цэгтээ хүрдэг байна. Энэ нь олон өвчтний их үүсвэр болж байна.
Нийслэл хотын тоосжилтын хэмжээ өдөрт дунджаар 200-250 метр куб байгаа нь олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс даруй 2-3 дахин их байгаа юм. Өвөл болоод хаврын улиралд энэ хэмжээ дээд цэгтээ хүрдэг гэсэн судалгаа бий. Тоосжилт үүсэх гол шалтгааныг хот төлөвлөлттэй холбон үздэг. Тодруулбал, өндөр хөгжилтэй орнуудын хот төлөвлөлтийн 50-70 хувь нь ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байдаг. Харин манай хотын ногоон байгууламжийн эзлэх хэмжээ нь 10 хувь хүрэхтэй үгүйтэй байдаг. Мөн нийслэлчүүдийн гуравны хоёр нь гэр хороололд амьдардаг, авто машинуудын 30 хүртлэх хувь нь зохих хэмжээнээсээ илүү хорт утааг ялгаруулдаг гээд олон шалтгаан тоосжилтыг нэмэгдүүлж агаарын бохирдлын эх үүсвэр болж байна. Энэ нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг улам бүр хязгаарласаар байгаа юм.
Тоосжилт агаарын бохирдол нэмэгдэх тусам хүүхдүүдийн дунд тохиолдох амьсгалын хурц үрэвслийн тоо нэмэгддэг гэсэн тооцоо ч байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдүүдийн өвчлөл агаарын бохирдлоос шууд хамаардаг гэдгийг тогтоосон байна. Бага насныхны дунд гарч байгаа нийт өвчлөлийн 93,7 хувь нь амьсгалын замын, 91 хувь нь бронхит өвчлөл зонхилж байгаа юм. Мөн агаарын бохирдлын улмаас уушигны болон зүрхний цооролттой хүүхдийн төрөлт ихсэж, бага насны хүүхдийн бие махбодын өсөлт хөгжилд муугаар нөлөөлж байна гэсэн дүгнэлт ч гарчээ.
Нийслэл хот төдийгүй манай улсын нийт аймаг сумд хот төлөвлөлт, дэд бүтэц муу гэр хорооллын айл өрх ихэнх хувийг эзэлдэг зэрэгт шалтгаанаас тоосжилтын хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс ард иргэд маань төр засгийг харах бус өөрсдөө хашаандаа нэг ч гэсэн мод тариж суулгах шаардлагатай байгаа юм. Ядаж хашаа хороогоо зүлэгжүүлээд ганц хоёр мод ч гэсэн таривал хүүхэд багачуудын маань эрүүл мэнд, цаашлаад их хотын тоосжилтыг багасгах нөлөөтэй юм. Монголчууд бид нэг зүйлийг хийх гэж хэт их туйлширч, барилдахаасаа таахалзана гэдэг л болдог. Их мөнгө төсөвлөж, болсон болоогүй олон ажил төлөвлөн сүрийг бадрааж, улмаар ямарч дорвитой үр дүнд хүрэлгүй намждаг. Энэ нь нөгөөтэйгүүр ард иргэдийн оролцоо үгүйлэгдэж байгаагийн илрэл гэлтэй.