Цэцэг төвийн уулзвар гудамж ашиглалтанд орлоо
5-р сарын 20-ны өдөр эхэлсэн Цэцэг төвийн уулзварыг 4 замын уулзвар болгох ажил дуусч, нээлтээ хийлээ. Шинэчлэлийн засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яамны Гудамж төслийн хүрээнд энэ жил 13 уулзвар ашиглалтанд орохоос хамгийн эхний ажил нь энэ болж байгаа юм. Тус замын ажил, шинэчлэлд нийт 2 тэрбум төгрөг зарцуулжээ.
Ерөнхийлөгчийн өвлийн ордон, төрийн тусгай хамгаалалтын газрын хаалттай хашаа байсан тус газрыг нээлттэй гудамж болгосноор авто замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурч, иргэд цаг мөнгөө хэмнэх, тав тухтай зорчих боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл төрийн мэдлийн хашаа түмний зорчих гудамж болж байна. Замын бүтээн байгуулалтанд 4895 ам метр талбайд хатуу хучилт хийж, 0,2 км авто зам, 510 ам метр талбайд явган зорчигчийн зам барьжээ. Мөн явган зорчигчийн замыг тусгаарласан 780 метр урт хайс, гарцын хэсэгт 13 ширхэг гэрлэн дохио, 7 ширхэг гэрэлтүүлгийн шон шинээр суурилуулжээ. Засгийн газрын тэргүүн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, цаашид нийслэл хотын замын түгжрэлийг бууруулах, иргэдийг тав тухтай зорчуулахвар ашад хувь нэмрээ оруулсан 12 уулзварын ажлыг хийж байна гэлээ. Гудамж, уулзвар гэдэг дан ганц засмал зам, асфалтаар хучсан хэсгийг хэлдэггүй гэдгийг энэ бүтээн байгуулалт харууллаа. 4 замын уулзварыг дагаад 200 ам метр талбайг ногоон байгууламжтай болгож, 14 мод суулгажээ. Хотын төвийн хамгийн их түгжрэл үүсдэг гэж судалгаагаар гарсан тус замын уулзварын ажлын бүхий л үе шатанд Японы Си ти ай инженеринг интэрнэйшнл хянаж ажиллажээ. Сар гаруйн хугацаанд замын бүтээн байгуулалтыг Гудамж төслийн захиалгаар Эйч ай би компани зургийг боловсруулж, зам барилгын ажлыг Экспресс зам компани гүйцэтгэжээ.