ДАШТ-нийг угтан сонирхолтой тоглолт зохион байгуулагдлаа.
20 дахь удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх дөхсөнтэй зэрэгцэн олон сонирхолтой арга хэмжээнүүд эдгээр өдрүүдэд явагдаж байна. Колумб улсад л гэхэд Колумб болон Бразилыг төлөөлөн хонинууд хөл бөмбөгөөр өрсөлдсөн байна.
Колумб улсын Нобса нэртэй хотод энэхүү сонирхолтой хөлбөмбөгийн тоглолт болжээ. Колумб болон Бразилын шигшээ багийн төлөөлүүлэн хонинуудыг хувцаслаж, үс ноосыг нь өнгө оруулан будаж, тун сонирхолтой тоглолтыг хийлгэсэн байна.
Тоглолтонд оролцсон хонинууд нь бүгд шигшээ багийн өнгө бүхий хөлбөмбөгийн өмсгөл, шорт, пүүз өмсөөд зогсохгүй, дэмжигчидтэй байжээ. Хонины хөлбөмбөг нь гоолын хувьд тун цөөхөн байсан нь тоглогчид чухам хичээллэж байгаа спортоо сайн ойлгоогүйтэй ч холбоотой байж мэднэ. Ямартай ч хөгжилтэй, сонирхолтой энэхүү арга хэмжээ нь тун удахгүй эхлэх 20 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг угтан, хүмүүст баярын уур амьсгалыг оруулах зорилготой гэж болно.
Рамиро Барраган / Нобсагийн захирагч/
- Бид Нобсагийн уран бүтээлчдэд хүмүүсийн анхаарлыг хандуулахыг хүссэн юм. Тийм учраас бид Колумб болон Бразилын шигшээ багуудыг төлөөлүүлэн хонины багийн хооронд хөлбөмбөгийн тоглолт хийлээ. Бидний хувьд бүх Колумбчуудын адилаар шигшээ тоглолтонд шалгарахыг хүсч байна. Тоглолтонд оролцсон хонинууд маань ч хөлбөмбөгт их дуртай байгаа шүү. Бид энэ тоглолтыг Нобсад хийсэндээ сэтгэл хангалуун байна.
Нобса хот байдаг Бояка муж нь Богота хотоос зүүн хойш 130 километрийн зайтай оршдог бөгөөд жил бүр хонины гоо сайхны тэмцээн зохион байгуулдгаараа алдартай юм байна.