Манай улсад салют худалдан борлуулах зөвшөөрөлтэй 2 аж ахуй нэгж байдаг
Шинэ он гарах тэрхэн агшныг оргилуун дарс, өнгө өнгөөр солонгорох салютгүйгээр төсөөлөхийн аргагүй. Харамсалтай нь манай улсын иргэд баярыг хэт их хавтгайруулж зөвшөөрөлгүй болоод хадаглалтын горим зөрчсөн, чанарын шаардлага хангаагүй салют бингалын гал болон галт пуужинг хэрэглэн эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол цөөнгүй гарсан. Тодруулбал 2010-2012 оны хооронд нийт 59 хүн салют буудуулах гэж байгаад эд эрхтнээрээ хохирсон гэсэн тоон мэдээлэл байдаг. Салютыг тайзны болон хэрэглээний гэж хоёр ангилдаг бөгөөд буудуулахдаа 2-20 метрийн зайнаас асааж буудуулах ёстойг мэргэжлийн хүн онцоллоо. Мөн энэ баярын өдрүүдэд гар дээрээс зөвшөөрөлгүй шаардлага хангаагүй салют болон бингалын гал зэрэг протехникийн хэрэгслийг худалдахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.
Манай улсад 18-аас дээш насны иргэд протехникийн хэрэгслийг ашиглахыг зөвшөөрсөн журам байдаг бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ салют ашиглахыг хатуу хориглосон байдаг. Маргааш буюу 12-р сарын 31-ний шөнийн 00 цагт Баянхошуу, Дамба, Баянзүрх, Чингисийн талбай гэсэн нийт 4 байршилд салют буудуулах юм. Дахин сануулахад иргэдэд протехникийн хэрэгсэл буюу салют, галт пуужинг зэргийг гар дээрээс худалдан борлуулахыг 100 хувь хориглосон. Тиймээс иргэн бүр дүрэм журмаа мөрдөж зөвшөөрөл бүхий байгууллагаас салют худалдан авахыг зөвлөж байна.