Гэмт хэргийн гаралт буурсан ч зам тээврийн осол гэмтэл нэмэгдэж байна
НЦГ өнгөрсөн 14 хоногт иргэд ААНБ-аас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 22261 мэдээлэл хүлээн авч, 669 гэмт хэрэг бүртгэжээ. Энэ нь өмнөх 14 хоногийнхтой харьцуулахад мэдээ мэдээлэл 326 нэгж буюу 1,4 хувиар, гэмт хэрэг 11 нэгж буюу 1,6 хувиар буурсан гэсэн үг юм. Мөн дээрх хугацаанд 209 гэмт хэргийг нөхөн илрүүлжээ. Түүнчлэн шүүхийн шийдвэрээр 168 хүнийг баривчлуулж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 2590 хүнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан 10907 хүнийг 46,3 сая төгрөгөөр, БААН-ийг 4,7 сая төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт малын хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлж хэд хэдэн гэмт хэргийг илрүүлжээ.
НЦГ архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд “Зөрчлийг илрүүлэе” нэгдсэн арга хэмжээг 11-р сарын 12-ноос 12-р сарын 4-ний хооронд зохион байгуулсан байна. Энэ үеэр удаа дараа зөрчил гаргасан БГД-ийн 14-р хороон дахь “Их үйлсийн оргилд” компаний “Масс” баар, ЧД-ийн 4-р хороон дахь “Эйч” компаний “Доргио” баарны архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг НЗАА-нд хүргүүлжээ.
Орой 17-оос 20 цагийн хооронд Нарантуул Өгөөмөр захын орчимд түгжрэл үүсч, цагдаа, гал, түргэн тусламжийн машин ч явах аргагүй болдог байна. Мөн тэр орчимд архи согтууруулах ундаа хэрэглэдэг тэнэмэл хүмүүс осгож хөлдөх эрсдэл ихэсч байгааг ч санууллаа. Тиймээс захуудын цагийн хуваарьт зохицуулалт хийх боломжтой эсэхийг тодруулж байлаа. ЗЦГ-ын хувьд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 1520 дуудлага хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 84, осол зөрчлийн шинжтэй 86 дуудлага мэдээллийг хүлээн авч, хойшлуулшгүй арга хэмжээ авч ажилласан байна. Мөн хугацаанд БЗД-ийн нутаг дэвсгэрт хоёр ч хүн зам тээврийн осолд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хэрэг харьцангуй багассан байна. Гэхдээ явган зорчигчид, тэр дундаа хүүхдүүд машинд дайруулах, зам тээврийн осолд орж гэмтэх явдал их байгааг анхааруулж байлаа.