Америкийн ярилцлагын шоуны шилдэг хөтлөгч халаагаа өгнө.
2014 он гарснаар Америкийн телевизийн салбарын олон мундаг алдартнууд дэлхий дахинд танигдсан тус бүрийн шоугаа орхиж байгаа тухайгаа мэдэгдээд байна.
Тун саяхан Америкийн телевизийн ярилцлагын шоуны хаан гэгддэг Жей Лено шоугаа орхиж, илүү залуу хөтлөгчид шилжүүлсэн билээ. Энэ жил 63 настай Жей Лено шоугаа орхисны дараа, түүнээс 24 насаар дүү хөтлөгч, элэглэгч Жимми Фаллон “The Tonight Show”-ны хөтлөгчөөр ажиллах болсон юм.
Тэгвэл Америкийн телевизийн ярилцлагын шоунууд дундаас Жей Леногийн ардаас бичигддэг алдарт хөтлөгч, сэтгүүлч Дэвид Леттерман мөн зодог тайлахаа мэдэгдлээ.
Тэрээр орон нутгийн цагаар пүрэв гарагийн үдэш Late Show-ны үеэр ирэх жил ярилцлагын шоугаа албан ёсоор орхихоо хэлсэн байна. Ийнхүү энэ жил 66 настай Дэвид Леттерман ирэх 2015 онд албан ёсоор телевизийн салбартайгаа салах ёс гүйцэтгэх юм.
Ер нь сүүлийн үед Америкийн телевизийн ярилцлагын шоуны салбарт томоохон хувьсал өөрчлөлтүүд хийгдэж, 60 нас хэдийнээ гарсан Жей Лено, Дэвид Леттерман нар зайгаа тавьж өгч, тэдний оронд 46 настай Жимми Киммель, 39 настай Жимми Фаллон нар ярилцлагын шоуны ертөнцөд өөрсдийн орон зайг бий болгоод байна.
Ялангуяа томоохон ёслол, шагнал гардуулах наадмуудыг амжилттай хөтөлдгөөрөө алдартай Жимми Фаллоны нэр хүнд огцом өсч, үзэгчдийн дунд рейтинг нь өндөр байгаа юм.