Архиваас · Улс төр

Украйн улсад сөргөлдөгч талууд жагслаа.

UBS.mn

Украйн улсын зүүн нутагт ОХУ-тай нэгдэхийг дэмждэг иргэд жагсаал цуглаан хийж, Украйны армийг хүчирхийлэл үйлдэхээ зогсоохыг шаардсан байна. Тэгвэл Украйн улсын нийслэл Киев хотноо эрх баригчдыг дэмжсэн жагсаал болж, Оростой нэгдэхийг дэмждэг зэвсэгт дайчдыг улс орныг хямраахгүй байхыг шаарджээ.

Украйн улсад нэг өдрийн дотор хоёр ч томоохон жагсаал болж, харилцан эсрэг тэсрэг байр суурийг илэрхийлсэн байна. Зүүн нутгийн Донецк хотноо болсон жагсаалд оролцсон иргэд нь ОХУ-тай нэгдэхийг дэмжигчид байжээ. Тэд Украйн улсын армийг зүүн болон өмнөд нутагт ард иргэдийнхээ эсрэг хүчирхийлэл үйлдэж, энгийн номхон иргэд, тэр дундаа хүүхдүүдийн амь насанд аюул занал учруулж байна хэмээн шүүмжиллээ. Тэд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр жагсаалаа зохион байгуулснаар Украйн улсын эрх баригчдын үйлдэж буй фашист үйл ажиллагааг эсэргүүцэж байна хэмээн мэдэгдлээ. Тэгвэл Украйн улсын нийслэл Киев хотноо засгийн газар, эрх баригчдаа дэмжсэн томоохон хэмжээний жагсаал болсон байна. Энэ үеэр Киев хотын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Виталий Кличко байр сууриа илэрхийлжээ.

Виталий Кличко /Киев хотын захирагч/

- Шинэ улсыг, шинэ Киев хотыг бүрдүүлэн тогтоох шаардлага бий болоод байна. Бид улс орноо энх тайванд шилжүүлэхийн тулд бүхнийг хийх хэрэгтэй. Бид өөр хоорондоо тэмцэх биш, нэгдэж байж л, шинэ улсыг бий болгож чадна шүү дээ.

Киев хотын захирагчийн үгнээс харахад Украйн улсыг энх тайвнаар оршин байлгахад юуны түрүүнд Украйнчууд өөр хоорондоо хагаралдах биш, аль болох эв нэгдэлтэй байж л, шинэ ерөнхийлөгч Петр Порошенко, Киевийн захирагч Виталий Кличко нарын бодлого үр дүнтэй хэрэгжих юм.