М.АНХЦЭЦЭГ ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ДЭЛХИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ
Бэлгүүн Намсрай
2017-12-04 19:21:47

АНУ-ын Анахайм хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад гурван эмэгтэй тамирчин өрсөлдөж байна. Эрэгтэйчүүдийн 83, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн тус тэмцээнд 68 орны 328 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улс анхны хүндийн өргөлтөөр дэлхийн аваргын медальтантай боллоо. 

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Анхцэцэг огцом өргөлтөөр хүрэл медаль хүртлээ. Манай тамирчин жингийнхээ “А” хэсэгт өрсөлдсөн бөгөөд огцом өргөлтөөр 101 кг-ыг захиалаад байсан бөгөөд 107 кг-ыг өргөж, медалийн болзол хангалаа. Тэрбээр эхний оролдлогоор 101 кг-ыг өргөж, удаах 106 кг-ыг алдаатай өргөсөн ч сүүлийн гурав дахь оролдлого 107 кг-ыг амжилттай өргөлөө. 

Испанийн тамирчин Лидиа Валентин 118 кг-аар алтан медаль хүртсэн бол Эквадорын Н.Дажомес 108 кг-аар мөнгөн медалийн эзэн боллоо. М.Анхцэцэгийн гарын бэртэл сэдэрсэн тул дасгалжуулагч Ц.Хосбаяр түлхэлттэй оролтыг зогсоосон байна. Тэд ийнхүү Монголын хүндийн өргөлтийн түүхэн амжилтыг үзүүллээ.

Манай баг тамирчдын салхийг 63 кг-д Г.Ануужин хагалсан бөгөөд тэрбээр жиндээ X байр эзэлсэн. Харин хүнд жингийн цөөн тамирчдын нэг Э.Билэгсайхан маргааш 90 кг-д өрсөлдөнө. 2017 оны ДАШТ-д дээрх гурван тамирчнаас гадна шүүгчээр Олон улсын шүүгч Л.Одгэрэл ажиллаж байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих