Энэтхэгийн агаарын бохирдол онц аюултай түвшинд хүрчээ
Гүрпүрэв Ганчимэг
2017-11-10 12:54:19

Энэтхэгийн эрх баригчид агаарын бохирдол онц аюултай түвшинд хүрснийг дахин анхаарууллаа. Нийслэл Дэли хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд автомашины дугаарын хязгаарлалт хийхээр болсон байна. Тодруулбал нийслэл хотод тэгш болон сондгой тоогоор төгссөн дугаартай автомашинуудыг хуваарийн дагуу явуулахаар болжээ.

Энэ сарын 13-17-ны хооронд дугаарын хязгаарлалт үйлчлэх юм байна. Өнгөрсөн жил агаарын бохирдол дээд хэмжээндээ хүрэхэд Дэли хотын эрх баригчид автомашинуудыг дугаарын хязгаарлалттайгаар явуулж байсан. Гэхдээ энэ арга нь агаарын бохирдлыг хэрхэн бууруулсан нь тодорхойгүй байсан юм.

Дэли хотын эрх баригчдын мэдэгдсэнээр хотын зарим хэсэгт агаарын бохирдлын хэмжээ Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын тогтоосон хэвийн хэмжээнээс 30 дахин их байна. Бохирдлын хэмжээг бууруулахын тулд дээр дурдсан аргаас гадна барилгын ажлыг түр зогсоох, автомашинтай иргэдийг машинаа зогсоолд тавихад нь туслахаар зогсоолын төлбөрийг бууруулсан байна.

Шинжээчдийн дүгнэж байгаагаар тэгш сондгой дугаараар автомашины хөдөлгөөнийг хязгаарлах ньөнгөрсөн жилийн хувьд агаарын бохирдлыг бууруулахад маш бага хувиар нөлөөлсөн байна. Гэхдээ хөл хөдөлгөөн ихтэй Дэли хотын эрх баригчдын өмнө тулгамддаг бас нэгэн чухал асуудал болох авто замын түгжрэлийг багасгаж байжээ. Дэлид 3 сая гаруй автомашин байдаг. Тэдгээрийн 1/3 нь хөдөлгөөнд оролцоогүй байна.

Өвлийн улиралд Дэлид агаарын бохирдол аюултай түвшинд хүрч нэмэгддэг нь хөрш зэргэлдээх Пунжаб, Харьяана мужуудад фермерийн аж ахуй эрхэлдэг иргэдээс ихээхэн шалтгаалдаг. Газар тариалангийн аж ахуй эрхлэгчид тариалангийн талбайд үлдсэн хог хаягдлаа цэвэрлэхийн тулд их хэмжээний талбайг шатаадаг байна. Салхины хурд удаан, барилга байгууламж барих үеэр тоосжилт ихэсдэг, хог хаягдлаа шатааж устгадаг зэрэг нь агаар бохирдох шалтгаанууд юм.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих