Саудын Араб AFC-д шүүмжлэлтэй хандаж байна
Чадраабал Баатарзориг
2017-11-10 11:51:49

 

Азийн Хөлбөмбөгийн Холбооны клубын түвшний хамгийн том тэмцээн “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод Японы “Урава Редс”, Саудын Арабын “Аль Хилал” багууд шалгаран үлдээд байгаа. Эхний шигшээ тоглолт энэ сарын 18-ны өдөр Саудын Арабын Рияд хотноо, хариу тоглолт 7 хоногийн дараа “Урава Редс”-ийн “Сайтама” цэнгэлдэх хүрээлэнд тус тус явагдах юм.

Шигшээ тоглолтын өмнө Саудын Арабын спортын салбарын удирдах албан тушаалтнууд AFC (Азийн Хөлбөмбөгийн Холбоо)-д шүүмжлэлтэй ханддагаа ахин илэрхийллээ. Саудын Арабын спорт хариуцсан хамгийн том албаны хүн Турки бин Абдулмохсен Али Аль-Шейх тивийн холбоо нь тус улсын хөлбөмбөгийн эсрэг ажиллаж байна хэмээн буруушаажээ. Тэрээр “Азийн хөлбөмбөгийн хөгжил зогсонги байдалд хүрсэн нь Саудын Арабын спортод нөлөөлж чадахгүй” хэмээн “эгдүүцлээ” илэрхийлээд тус улсын тамирчдын эрх ашгийг хамгаалах нь түүний үүрэг гэдгийг тодотгожээ.

Ажиглагчид түүний энэ мэдэгдлийг Азийн Хөлбөмбөгийн Холбоо болон Ерөнхийлөгч Бахрейны шейх Салман Бин Ибрахим Аль-Халифад хаяглагдсан хэмээн үзэж байна. Мөн Саудын Арабын спортын “босс”-ын энэ мэдэгдэл AFC-гийн эсрэг шүүмжлэлттэй ханддаг цахим хуудсуудаар тарсан нь шигшээ тоглолтыг шүүх шүүгчдэд шахалт үзүүлэх гол зорилготой гэх таамаглал дэвшүүлэхэд хүргэжээ.

Аль-Шейх: “Би Саудын Арабын спортод олонтаа давтагдаж байгаа нэг зүйлтэй цаашид эвлэрч чадахгүй. Учир нь Саудын Араб улс Азийн Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд сайн харилцаатай орнуудынхаа нэр дэвшигчийг дэмжсээр ирсэн. Гэвч тэд сонгогдсоныхоо дараа бидний эсрэг ажиллаж эхэлдэг” хэмээн телевизээр ярьсан ба  Саудын Арабын сонинууд түүний энэ мэдэгдлийг маргааш өглөө нь нийтэлсэн байлаа. Ингэхдээ 2014 оны “AFC Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод Саудын Арабын “Аль Хилал” Япон шүүгч Юичи Нишимурагийн эргэлзээтэй шийдвэрийн улмаас Австралийн “Сидней Уондерерс”-т ялагдсан тоглолтыг иш татсан байна. Япон шүүгч тухайн тоглолтод Саудын Арабын багт торгуулийн цохилт олгох 2 ч тохиолдлыг харалгүй өнгөрүүлснээр тоглолт гоолгүй өндөрлөж Австралийн клуб аваргалж байсан юм.

 

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих