АРАВДУГААР САРЫН МОНГОЛЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН ШАГНАЛД НЭР ДЭВШИГЧИД ТОДОРЛОО
Бэлгүүн Намсрай
2017-11-08 16:15:49

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин"-г тодруулж байгаа юм. Хамгийн эхний буюу 8-р сарын шилдэг тамирчин шагналыг Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан чөлөөт бөхийн дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн П.Орхон болон Унгарын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдсан жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түрүүлсэн, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа нар хамтран хүртсэн юм. Харин 9-р сарын шилдэг тамирчнаар Уругвай улсын нийслэл Монтевидео хотноо болсон өсвөрийн шатрын ДАШТ-д түрүүлсэн ФИДЕ Мастер Д.Батсүрэн нэрлэгдсэн билээ.

10-р сард үзүүлсэн амжилтаараа манлайлж, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг мандуулсан нийт таван тамирчныг сарын шилдэг тамирчин шалгаруулалтанд нэр дэвшүүлж байна. Улаанбаатар хотноо болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн сагсан бөмбөгийн 3x3 шигшээ баг 2 дахь сардаа дараалан сарын шилдэг шалгаруулалтанд нэр дэвшлээ. Мөн 8-р сарын шилдэг тамирчин, шинэхэн хөдөлмөрийн баатар Д.Сумъяа болон МУГТ цолоор шагнагдсан Д.Одбаяр нар Абу Дабигийн их дуулгад түрүүлсэн амжилтаараа энэ сарын шалгаруулалтанд өрсөлдөнө. Жүдогийн залуучуудын ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн Л.Энхрийлэн болон Тайландын Бангкок хотноо болсон Эзэн хааны цомын тэмцээнд түрүүлсэн хүндийг өргөлтийн тамирчин Г.Ануужин нар мөн нэр дэвшив.
"Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах бөгөөд шалгаруулалтыг сар бүрийн эхний хагаст явуулах болно.

Та бүхэн тус линкээр орж шилдэг тамирчинд саналаа өгөх боломжтой. https://nocmongolia.typeform.com/to/tPzCMq

 

Таалах
Хайрлах
Инээх
1
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих