Залуу энтрепренёрууд А.Уранчимэг, Б.Бүжүүлэн:АМЬД ОРЧИН АЗ ЖАРГАЛ, ЭРҮҮЛ АГААР БЭЛЭГЛЭНЭ
Батбаатар Баяржаргал
2017-11-08 15:05:38

Бид жилийн 1/4 хугацаанд л ногоон байгалийг мэдэрдэг билээ. Бусад үед нь амьд ногоон орчныг гэр, ажлын орчин тойрондоо бүтээхээс өөр аргагүй. Ургамал ногоог харах төдийд л тархи оюун амарч, сэтгэл сэргээд нэг л таатай мэдрэмжийг авдаг нь хүн байгалийн нэгэн эд эс гэдгийг нотолно.

Жижигхэн шилэн орчинд хэрнээ сэтгэл сэргээж, тархи амраах маш гоё, үзэмжтэй ногоон байгууламж болох террариум нь байгаль руугаа тэмүүлэх бидний хүслийг нөхөх шиг. Тиймээс террариумыг анх харсан цагаас эхэлж сонирхож ирсэн миний хувьд нэгэн сонирхолтой зочныг та бүхэнтэй танилцуулж байна.

Ургамал ногооны чиглэлээр start up бизнесээ эхлүүлж, чамгүй амжилттай яваа бүсгүйчүүд биднийг уриалгахан угтсан юм. Тэд бол “High garden Mongolia” компаний үүсгэн байгуулагчид, залуу энтрепренёрууд болох А.Уранчимэг, Б.Бүжүүлэн нар юм. Ярилцах далимдаа энгийн террариум хийх аргаас бас суралцлаа.

Ингээд залуу энтрепренёруудын ярилцлагад тавтай морилно уу.

TV ZONE: Сайн байцгаана уу, бүсгүйчүүд ээ? Ярилцлагын эхэнд өөрсдийгөө танилцуулъя. Ямар мэргэжилтэй бүсгүйчүүд энэ чиглэл рүү хөрвөж, start up бизнесээ эхлүүлэх болсон нь сонин байна?

А.Уранчимэг: Миний хувьд, бизнесийн удирдлагаар Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Аав, ээжийнхээ мэргэжлээс шалтгаалан би багаасаа байгаль орчин, мод ургамлын дунд өссөн. Энэ маань одоо хийж буй ажлыг эхлүүлэх гол нөлөө болсон гэж хэлж болно. Сүүлийн гурав, дөрвөн жилийн өмнөөс дотоод орчны ургамлан хана хийе гэж бодож явж байхдаа Бүжүүлэнтэйгээ тааралдсан. Бүжүүлэн маань террариум хийдэг. Хоёулаа ногоон ургамлын чиглэлээр дор бүрнээ юм юм хийдэг байсан болохоор хамтдаа нийлж “High garden” болсон юм. Бүжүүлэнгийн хувьд, гаднах хэлбэр хийц, гоёл чимэглэл тал дээр түлхүү ажилладаг.    

Б.Бүжүүлэн: ШУТИС-ийг хувцасны загвар зохион бүтээгчээр төгссөн. Дизайнер гэсэн үг л дээ. Террариумыг би хобби болгож хийдэг. Хажуугаар нь хатгамлын чиглэлээр ажиллаж байна.

TV ZONE: Start up бизнесийг сонгож эхлүүлнэ гэдэг маш том зориг, нөгөө талаар өөрийгөө сорих, хөгжүүлэх том боломж гэж хардаг. Ургамал ногооны чиглэлийн зах зээл Монголд хэр их байна вэ?   

А.Уранчимэг: Энэ оны хавраас эхэлж, тогтмол үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ургамлан ханаас гадна Монголын эмийн ургамлаас гаргаж авсан цай мөн гаргадаг. Цайгаа хүмүүст хийж үзүүлээд, дараа нь худалдан авалт хийх гэсэн зарчмаар явдаг ба нэг үгээр, зах зээлээ өөрсдөө үүсгэхийг зорьж байна. Одоо хүмүүс өөрийнхөө орчин нөхцлийг их гоё өөрчилж, тохижуулдаг болсон шүү дээ. Тийм хүмүүс манай ургамлан ханыг их сонирхож, хэрэглэж байгаа. Мөн бэлгэнд өгөх сонирхол их байдаг. Зах зээлээ бид эхэлж бэлдэж байгаа учраас одоогийн байдлаар худалдан авалтандаа дарагдах хэмжээнд арай хэрээгүй.  

TV ZONE: Бүжүүлэнгийн хувьд, террариумыг хэзээнээс сонирхон судалж, оролдож эхэлсэн бэ? Харахад маш их ажиллагаатай, бас мэдрэмж их шаардсан харагддаг...

Б.Бүжүүлэн: Өнгөрсөн жилийн 6-р сард террариумын зурагнуудыг анх үзээд, хийж болох юм байна гэсэн сэтгэгдэл шууд төрсөн. Ингээд жижиг, жижиг янз бүрийн шилнүүд дотор туршилтын маягаар хийж эхэлсэн. Хамгийн гоё нь тэр туршиж хийж үзсэн террариумууд бүгд амьд ургамал. Анхны террариумуудаа гэртээ дурсгал болгон хадгалчихсан. Туршиж хийж үзсэн террариумууд маань яваандаа маш сайхан ургаж, түүндээ урамшин, өөрийгөө илүү энэ чиглэлд хөгжүүлэхээр хийж эхэлсэн. Хийж эхлээд фэйсбүүкт зургаа тавьсны дараа маш хурдан тархсан. Ингээд яг хобби болгоод хийж байна.

TV ZONE: Терраруимд орох материалуудын хувьд Монголд олдоц хэр байдаг вэ? Мөн зарим оролдож байгаа хүмүүсийг харахад цайны шаарыг ашиглаж байгаа харагддаг...

Б.Бүжүүлэн: Ургамлуудын хувьд бүгд амьд. Дээр нь террариумд орох материалуудыг сайн хайж үзвэл бүгд Монголд бий. Бүр үнэгүй ч олох боломжтой. Хамгийн гол нь хөрсний дор хэд хэдэн үе давхарга гэж бий. Тэрийгээ зөв тавьчих юм бол ургамал нь маш сайхан ургаад байх боломжтой. Хэрвээ дан шороогоор хийчих юм бол дороо ялзарч, амархан ургамал нь үхэх эрсдэлтэй. Тиймээс давхаргуудаа зөв тавьж, агаар чийгийг нь зөв зохицуулах юм бол террариум нь мөнх байх боломжтойгоороо онцлог. Услах шаардлагагүй вакум орчинд 50, 60 жил ургуулсан террариум ч бий. Хамгийн гол нь зөв технологийн дагуу хийх. Өнгөрсөн жилээс хийж эхэлсэн террариумуудын зарим нь тийм болж байна. Миний хувьд, террариумаа голдуу хөвдөөр дагнаж хийдэг. Өөр террариум хийдэг хүмүүс мэр сэр бий. Тэд ихэвчлэн амьдрах чадвар сайтай шүүслэг ургамлаар хийдэг юм билээ. Шүүслэг ургамлаар хийвэл заавал услах шаардлагатай. Би бол вакум, тагтай шилэн саванд хийдэг.

            Цайны шаарны тухайд маш сайн бордоо болдог. Хөрс, хайрга хоёрын голд хар хөрснийхөө оронд хийж болно. Шаар хийхээр бага зэрэг шавьж цугларах гээд байдаг ч шавьж устгагчаар устгачихвал зүгээр.    

TV ZONE: Монгол оронд ургасан эмийн ургамлаар цай хийж эхэлсэн тухай сонссон.

А.Уранчимэг: Ээж маань говийн эмийн ургамлын чиглэлээр 30 гаруй жил ажилласан судлаач хүн байдаг. Өөрөө бас тариалантай. Манайхан голдуу монголдоо ургасан ургамлыг түүж цайндаа хэрэглэдэг. Бидний хувьд, тарьж ургуулсан буюу нөөцийн хязгааргүй эмийн ургамлаар хийсэн цайнуудыг гаргах зорилготой. Цайнуудаа бид шууд энэ цай эрүүл мэндэд ийм сайн гэж сурталчилахаас илүүтэй цайны соёлыг хүмүүст эхлээд түгээхийг зорьж байгаа. Бямба гараг бүр бид цайны үдэшлэг хийдэг. Стресс тайлж, эрүүл мэндэд тустай цайнуудынхаа жорыг зааж, хоорондоо танилцаж, сайхан яриа өрнүүлж, нэг өдрийг цайтай хамт үр бүтээлтэй өнгөрүүлэх үдэшлэгийг тогтмол зохион байгуулдаг. Бидний энэ өвөл бид “Агаарын бохирдлыг ажралгүй давъя” гэсэн уриаг дэвшүүлээд байгаа. Улирал улиралдаа ямар агуулгаар цайныхаа үйл ажиллагааг явуулах уу гэж ярилцдаг. Залуустаа кофе шиг цайны соёлыг түгээх нь бидний гол зорилго. Арай өөр өнцгөөс цайг харах хандлагыг мэдрүүлэхийг зорьж байна. Кофенд агуулагддаг кофейн зарим цайны найрлагад өндөр агуулагдах нь бий. Тиймээс цайнаас ч гэсэн сэргэх хүчээ авч чадна. Кофег нэг дор хоёроос дээш аяга уучихаар сонин болдог шдээ. Цайны хувьд хэчнээн аяга уусан ямар ч асуудалгүй. Цайны үдэшлэгээ бид эхний ээлжинд ээжүүдэд зориулан хийж байна. Өвөл болж байгаа учраас ээжүүд маань гэр бүлийнхээ эрүүл мэндийг дэмжих хэрэгтэй. Мөн ээжүүд маань ногоон орчинд ирж цай уунгаа ярьж хөөрч 2-3 цаг суухаар сайхан амарч, ирэх долоо хоногийнхоо эрч хүчийг авдаг. Цайнууд маань бүгд судалгаа шинжилгээний үндсэн дээр гардаг.

Б.Бүжүүлэн: Мөн бид цайны бясалгал гэдэг зүйлийг нэвтрүүлж байна. Энэ нь өглөө бүр босоод кофе, юм уу цайгаа чанасныхаа дараа 5-10 минут бясалгал хийх юм. Хэрхэн бясалгах аргыг нь мөн бид зааж байгаа. Цайны үдэшлэг маань Бямба гараг бүрт тогтмол явагддаг. Такс маань 15,000 төгрөгийн үнэтэй. Үүндээ 12 төрлийн цайтай танилцаж, ууж, жорыг нь авч, мөн бясалгал хийж, хамтдаа ярьж хөөрч өнгөрүүлэх чөлөөтэй сайхан үдэш болж өнгөрдөг.   

TV ZONE: Манайхан цай гэхээр Английн цай №1 гэдэг ч юм уу импортыг илүү сонгодог хандлага бий. Монголдоо тарьж ургуулсан ургамалтай цайг сонгох гол шалтгаан нь юу вэ?  

А.Уранчимэг: Орон орны цай өөр. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ургаж буй ургамлууд нь харилцан адилгүй. Монголын цай гэхээр хар болон ногоон цай, эрүүл мэндийн цай гэсэн ангилалд хамаарагддаг. Английн high tea буюу дээд зэрэглэлийн цай нь дэлхий даяар алдартай шүү дээ. Энэ концевци нь надад маш их таалагдаж, Монголын high tea-г гаргахыг зорьж яваа маань энэ. Цай уун, тэр нь хүний ходоодоор дамжин сахарын хэмжээ, цусан дахь холестрины хэмжээг эрүүлжүүлэх боломжтой. Одоогоор жижигхэн хэмжээний үйлдвэрлэл явуулж байна. Цайнуудаа зал зээлд хараахан нийлүүлээгүй байгаа. Цайны үдэшлэгтээ ирсэн хүмүүст танилцуулж, уулгадаг. Шууд зах зээлд нийлүүлэхгүй байгаа гол шалтгаан маань түрүүн хэлсэнчлэн бид зах зээлээ бэлдэх зорилготой маань холбоотой. Цай уух соёлыг дэлгэрүүлж, улмаар массыг хамарч чадвал энэ маань зөв соёл болох юм.   

TV ZONE: Ургамлан хана их сонирхолтой, бас их гоё харагдаж байна?

А.Уранчимэг: Бид чинь бүтэн долоон сарын хугацаанд ногоон байгууламжгүй орчинд амьдардаг шүү дээ. Энэ үед ургамал гэхээр л цонхон дээр тавьдаг цэцэг ногоо санаанд буудаг. Энэ хандлагыг өөрчилье гэж зорьж байна. Ногоон ургамал нь нүдэнд, тархи оюунд шууд байгаагаараа л таатай эерэг нөлөөг үзүүлдэг. Үүнийг маш гоё дизайнтайгаар дотоод орчин нөхцөлд хүргэхээр зорьж байна. Хэдий чинээ ногоон ургамал гэрт байна тэр хэрээр хүчилтөрөгч ялгаруулж байдаг шүү дээ. Ханын ногоон ургамлыг гэртээ тавья гэвэл арчилгаа гээд байх зүйл байхгүй. Ханыг нь шууд ургамлаа услах байдлаар цахилгаантай холбох залгууртай байдлаар шийдсэн.  

Бид жилийн дөрвөн улирлын турш ногоон байгууламж дотор байх боломжтой. Харин тийм орчноо жаахан хичээл зүтгэлээр байгуулах хэрэгтэй. Маш олон төрлийн ургамлууд манайд байна. Тэндээс сонгож, гэртээ тарьж ургуулж болно. Эсвэл худалдаж авч болно гэх мэтчилэн ногоон байгууламжаар өөрсдийгөө хүрээлүүлэх олон боломж бидэнд бий. Тиймээс залхууралгүй ногоон орчноо бүрдүүлээрэй гэж уриалмаар байна. Манай ажлынхан энэ хэсэгт (ургамал ногоо олноор өрж тавьсан хэсэг) ирэх их дуртай. Энд ирэхээр л толгой тархи сэргэж, цаанаасаа амар тайвныг мэдэрч, сайхан болоод эргээд ажилдаа ордог гэж ярьцгаадаг.  

TV ZONE: Том зорилго тавьж, түүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөж яваа бүсгүйчүүддээ ажлын амжилт хүсье! Баярлалаа.

А.Уранчимэг: Биднийг урьж, ярилцсан танай сэтгүүлийн хамт олонд маш их баярлалаа.

Б.Бүжүүлэн: Баярлалаа.

Ярилцсан: Б.Баяржаргал

Гэрэл зургийг: В.Цэнд-Аюуш

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих