Дэлхийн элитүүдийн хөрөнгө, татварын нууц баримтууд "Paradise Papers" нэртэйгээр задарлаа
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-11-06 16:49:37

Дэлхийн элит баячууд, тэр дотроо улс орнуудын төрийн тэргүүдийн хөрөнгө, татварын нууц баримтууд "Paradise Papers" буюу "Диваажингийн баримт бичгүүд" гэсэн нэрэн доор задарч, олон нийтэд ил болоод байна. Нууц оффшор дансны үйлчилгээ эрхлэгч хоёр байгууллага болон татварын 19 компаниас задарсан дээрх нууц мэдээ мэдээлэл, баримтуудыг ХБНГУ-ын Зюддойче Цайтунг сонин Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумтай хамтран анхлан дэлгэсэн байна.

"Диваажингийн баримт бичгүүд" гэсэн нэрэн доор дэлхийн элит хөрөнгөтнүүд, төрийн тэргүүдийн нууц хөрөнгийн талаарх оффшор дансны үйлчилгээ үзүүлэгч 2 байгууллага болон татварын 19 компаний 13 сая гаруй нууц баримт сэлт, мэдээллийг ил болгоод байгаа юм байна. Анх уг баримтуудыг Германы Зюддойче Цайтунг сонин олж аван, улмаар Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум болон тус байгууллагын түншүүд болох “Guardian”, BBC, New York Times зэрэг томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд, агентлагуудтай хуваалцсан байна. Олон нийтэд ил болж, задраад байгаа эдгээр баримтуудад Их Британий хатан хаан Элизабет хувийн хөрөнгөө Карибб дахь оффшор дансанд байршуулсан, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хүргэн Кирилл Шамаловын хамтран эзэмшдэг эрчим хүчний Сибур компаний зүгээс АНУ-ын Худалдаа аж үйлдвэрийн төрийн нарийн бичгийн дарга Уилбур Россын ачаа тээврийн Navigator Holdings группийн үйлчилгээг авсан олон сая ам.долларын нууц гүйлгээ гэх зэрэг элит хөрөнгөтнүүдийн санхүүгийн нууцууд багтаж байгаа юм. Мөн Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Nike, Apple брендүүд гэх зэрэг улс төр, гадаад худалдаа, аж үйлдвэрлэл, урлаг соёл, спортын маш олон алдартнуудын оффшор дансны мэдээллүүд буюу татвараас зугтсан баримтууд илэрчээ. Он цагаар нь аваад үзвэл сүүлийн 70 жил орчмын хугацаанд татвараас зугтсан баримтууд байгаа юм байна. Эдгээр баримтуудын дийлэнх нь Бермуда, Кайманы арлууд болон Британий Виржиний арлуудад байрлах Appleby хуулийн фирмээс алдагдсан байна. Харин тус компаний зүгээс оффшор данстай байх явдал нь хууль зөрчсөн үйлдэл огт биш бөгөөд тус байгууллага өөрсдийн харилцагчиддаа татварын хэмжээгээ бууруулах хууль ёсны дагуу зөвлөгөө, зааварчилгааг өгч ажилладаг гээд ямар нэгэн буруу үйл ажиллагаа явуулаагүй хэмээн хариу мэдэгджээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих