Үргэлж дүүрэн байх хайрын сав
TV ZONE сэтгүүл
2017-11-03 15:32:58

Машинд түлш, шатахуун хийж байж урагшаа хөдлөн явдаг. Үүнтэй адил хүний хайр халуун, өгөөмөр байхын тулд хайрын сав хэрэгтэй. Тэгвэл машин түлш, шатахуунаас гадна тос тосолгоо, засвар үйлчилгээ байнга хийж байхыг шаарддагийн адил хүний хайрын сав хайраар дүүрэн байх ёстой. Тиймээ, бидний хайрын савны түлш бол хайрын хэл юм. Хүн бүр өөр өөрийн хайрын хэлтэй байдаг. Гэхдээ хайрын саваа дүүрэн байлгах хамгийн нийтлэг хэдэн зүйлийг хэлж өгье.

 

МАГТААЛ, УРАМШУУЛАЛ: Бидний хайрыг тэтгэж, савыг дүүрэн байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг зүйл бол яах аргагүй магтаал, урамшуулал юм. Энэ бол эр, эм ямар ч хүнийг хамгийн гайхалтай урамшуулагч юм. Хүүхэд ч мөн маш ихээр хөөрөн догдолдог. Нөхөртөө, эхнэртээ бага гэлтгүй магтаалын үгийг их хэлж байгаарай. Хоол амттай байлаа, чи минь эрт хүрээд ирлээ ш дээ, миний хань хөөрхөн шүү, миний хань хүчтэй шүү гээд л магтаал багаддаггүй. Нэгэн 70 гаран насны эмээ нөхрөө өглөө эрт хүйтэн устай алчуураар биеэ арчиж байгааг хараад “Хөөх миний өвгөний булчин зангирч байна шүү” гээд хэлчихжээ. Эмээ өглөөний цайгаа бэлдэж ширээндээ өрчихөөд өвгөнөө дуудсан чинь ирдэггүй ээ. Хайгаад нөгөө өрөөндөө орсон чинь өвгөн нь гантель өргөөд завгүй сууж байсан гэдэг. Магтаал, урмын үг биднийг урагшлуулагч хүч болж байдаг тул бие биенээсээ битгий харамлаарай.

Та ханиа магтаж байгаарай. Ялангуяа ээж, эгч нарынх нь дэргэд, найзуудынх нь дэргэд үнэн, чин сэтгэлээсээ магтаарай. Дараа үр дүн нь танд өөрөө мэдрэгдэх болно.

“Магтах зүйл хийгээгүй хүнийг юуг нь магтах юм бэ?” гэсэн асуулттай олон удаа таарч байлаа. Хүнд магтъя гэж бодвол магтах зүйл заавал байдаг. Нөхөр рүүгээ хараад магтах зүйл байна уу гэдгийг сайн ажиглаарай. Бас үргэлж магтах зүйл хайгаад байгаарай. Заавал гарч ирнэ. Ядаж л таны хайрыг татаж байсан нүд, хөмсөг, уруул гээд хөөрхөн, сайхан зүйл гараад л ирнэ. Сайн бодоод байвал танаар магтуулахаар зөндөө зүйлийг хийсэн байдаг. Бүр болохгүй бол урьд өмнө хийж байсан сайн зүйлсийг нь хэлээд магтаарай.

 

ХҮРЭХ: Хүрэлцэх, арьсаараа шүргэлцэх нь бидний бие махбодийг хооронд нь гагнаж байдаг гагнаас юм. Та гагнаасаа таслахыг хүсэхгүй биз дээ. Тэгвэл хүрэх, шүргэлцэх, тэврэлдэх үйлдлийг үргэлж хийж байгаарай. Хүн өдөрт 12 удаа тэврэлдэж байж хэрэгцээ хангагддаг гэж үздэг. Тэгвэл та өдөрт хэдэн удаа тэврэлдэж байгаа вэ? Бага насны хүүхдүүдээ хангалттай тэвэрдэг гэж та хариулах байх. Харин том болсон хүүхдүүд, хань, аав, ээжийгээ болон бусад хайртай хүмүүсээ тэврэхээ мартсан байх вий.

Бие махбодиороо шүргэлцэх явцад үүсэх мэдрэмж нь хүний сэтгэл зүрхний хоосон орон зайг нөхөж байдаг. Бид хүүхдүүдээ том болох  тусам үнсэх, тэврэх нь багассаар байдаг. Энэ нь тэдний сэтгэлд хоосон орон зай үүсч, хүрэлцэх хэрэгцээг нь хангаж өгч чадахгүй болсоор байгаа явдал юм. Өсвөр насны охид, нэгдүгээр хоёрдугаар дамжааны оюутнууд гэр бүл болж өрх тусгаарлахаасаа өмнө жирэмсэн болж хүүхэд гаргаж, жинхэнэ сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх насан дээрээ ээж болж байгааг бид харсаар байна. Үүнд эцэг эхчүүд бид буруутай. Ялангуяа ээж нарыг би онцлон хэлмээр байна. Өсвөр нас, залуу насанд нь хүрэлцэх хэрэгцээ дутуу байснаас хэн нэгэн сайхан залуу инээмсэглэн ирээд, гарыг нь бариад, үнсэх үед тэдний минь сэтгэлд байсан хоосон орон зай дүүрэх мэт мэдрэмж төрдөг. Тэгээд анхны үнсэлт, анхны тэврэлт охидод маань болоод хөвгүүдэд ч ялгаагүй гайхалтай мэдрэмж төрүүлж, улмаар бие биедээ ухаалгаар, ухамсартайгаар хандах хяналтаа алддаг.

Ялгаагүй, гэрлэсний дараа эхний романтик үе дуусах үед сэтгэлд бас хоосон орон зай үүсч эхэлдэг. Хүүхэд төрүүлэх, тэднийгээ өсгөх, цэцэрлэг ясли гээд ээж нь гүйнэ, аав нь ажил карьер, цалин мөнгө гээд завгүй гүйсээр нэг мэдэхэд сэтгэлдээ хоосон орон зайтай болсон байдгаа анзаардаггүй. Сэтгэл зүрхэнд үүссэн тэрхүү хоосон орон зайг нөхөх гол зүйл бол бие биедээ хүрэлцэх, шүргэлцэх явдал юм. Үргэлжийн хайр энхийрлэл, тэврэлт үнсэлтээс бид тэрхүү хоосон орон зайг үүсгэхгүй байх боломжтой.

/Үргэлжлэл бий.../

Манжаагийн Алтанцэцэг

“Хувь хүний хөгжлийн институт”-ын захирал, сэтгэлзүйч

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих