Умард Солонгос улс тусгаар тогтнолынхоо 69 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэв
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-09-11 18:00:00

Энэ сарын 9-ний өдөр тохиосон БНАСАУ-ын Бүгд найрамдах улсын өдөр буюу Тусгаар тогтнолын баярын өдөр аядуу тайван, намжмал байдалтай өнгөрсөн талаар Өмнөд Солонгосын зүгээс мэдээлж байна. Учир нь Өмнөд Солонгосын зүгээс Умард Солонгос улс ямарваа нэгэн тэмдэглэлт баяр, ёслолын өдрүүдээр пуужин харвах зэрэг өдөөн хатгасан үйлдлүүдийг явуулдаг тул энэхүү баярын өдрөөр мөн пуужин харвана гэж хардаж байсантай холбоотой юм.

Өмнөд Солонгос улсын зүгээс тив алгасагч баллистик пуужин харван туршиж болзошгүй гэж хардаж байсан ч Умард Солонгос улс Тусгаар тогтнолын 69 жилийн ойн баярын өдрөө амар тайван тэмдэглэн өнгөрүүлээд байна. Харин БНАСАУ-ын хувьд хамгийн сүүлд явуулаад байгаа, пуужингийн хошуунд суурилуулах боломжтой байдлаар бүтээгдсэн, жижигрүүлсэн хэлбэр загвар бүхий устөрөгчийн бөмбөгийн туршилтыг амжилттай явуулсан үйл явдал энэ жилийн тусгаар тогтнолын баярын гол сэдэв болж өнгөрсөн байна. Тус улсын төв телевиз зэвсгийн техникч, химич мэргэжилтнүүд устөрөгчийн бөмбөгийг угсарч байгаа дүрс бичлэг болон баярын ёслолын арга хэмжээнд тус улсын удирдагч Ким Чен Ун эхнэр Ри Сол Жу-гийн хамт оролцож байгаа дүрс бичлэгийг наям гаригт цацаад байна. Умард Солонгосын төрийн төв хэвлэл болох Родон Шинмун сонинд бичсэнээр тус улс цөмийн зэвсэгтэй болсноороо аюулгүй байдлаа улам бататгаж байгаа бөгөөд цааш цаашдаа зэвсэг техник, пуужингийн хөтөлбөрөө улам боловсронгуй болгон хөгжүүлэх болно гэжээ. Хэдийгээр Умард Солонгосын Тусгаар тогтнолын 69 жилийн ойн баяр тайван зохион байгуулагдаж өндөрлөсөн ч тус улсын зүгээс явуулах дараагийн өдөөн хатгасан үйлдлийг Өмнөд Солонгос улс үргэлжлүүлэн ажигласаар байгаа юм. Пхеньяны 6 дахь цөмийн туршилтын эсрэг авч хэрэгжүүлэх, хамгийн хатуу чанга хориг арга хэмжээ гэгдэж байгаа, АНУ-ын боловсруулсан хоригийн тогтоолын төслийг өнөөдөр НҮБ-ын АЗ авч хэлэлцэх юм. Мөн уг тогтоолыг батлахад Хятад болон ОХУ-ын дэмжлэгийг авах нь гол асуудал хэвээр үлдэж байгаа юм. Өмнөд Солонгос улсын засгийн газраас Умардын аюул заналхийллийн эсрэг бодитойгоор авч хэрэгжүүлээд байгаа пуужингийн довтолгооноос хамгаалах 4 шинэ THAAD системийн суурилуулалт эцсийн шатандаа орж, дуусах дөхсөн талаар албаныхан мэдээлээд байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих