Д.Оюунзул: “Үнэн хүн” хошин шогоо тоглоно уу, алиалагч хийнэ үү яаж ч байсан үнэн л байдаг
Батхүрэл Цэрэнлхам
2017-05-10 19:09:28

Сайн байна уу? Бидний урилгыг хүлээж авсанд талархал илэрхийлье.

Баярлалаа, Уншигчиддаа урин дулаан хаврын сайхан нартай өдрийн мэндийг хүргэе. 

Уран бүтээлийн сонин сайхнаас нь яриагаа эхэлье?

Жүжигчний мэргэжлийг өөрийнхөө ойлгож мэдэрснээрээ тасралтгүй уран бүтээл болгож гаргаад л байхыг хүсч байгаа. Жилийн өмнө нэгэн яруу найрагч их гоё шүлгээ уран бүтээл болгох санал тавьсан юм. Хүний дотоод сэтгэлийг үгээр илэрхийлсэн тэр шүлгийг уран бүтээлч сэтгэлгээгээр баяжуулж дүрсжүүлсэн. Мөн киноны зохиол дээр хамтарч сууж, засч нэмж бичиж байгаа юм бий. Хаанаас ч юм бэ надад жүжиг, киноны дүр ирнэ гэж хүлээх биш өөрөө хийж эхэлж байгаа. “Гоодойг хүлээсэн нь” жүжиг таван удаа тавигдсан. Гэхдээ үзэж амжаагүй, үзэхийг хүссэн хүмүүсийн хүлээлт их байгаа.

“Black Box” лаборатори театрын тайзнаа дэлхийн сонгомол жүжгүүд амиладаг, тэндээс гайхамшгийг харж болно гэж би хувьдаа боддог.

Би Black Box театрт орсондоо маш их баярладаг. Тэр театр дахиад нэг их сургууль төгссөн хэмжээний биднийг боловсруулсан гэж бид бардам хэлнэ. Пост модернист, абсурдын талаарх ойлголт энгийн үзэгчид байтугай манай жүжигчдийн дунд бага байна. Тэнд биднийг онолдоод л, хэн нэгэн урдаа суулгаад хичээл заагаагүй ч гэсэн С.Мягмар ах, Ч.Одончимэг эгч хоёр өөрсдийнхөө амьдралаар, биеэ авч яваа байдал, юманд хандах хандлагаараа бидэнд заасан. Бидний амьдрал ч нэг хэсэгтээ өмнөхөөсөө өөрчлөгдөж, үзэл бодлын хувьд том хувьсал орж ирж байсан. Абсурд жүжгүүд дээр ажиллаж эхлээд “яг үнэнээсээ чи чин үнэнээсээ байвал, хүнийг хүндэлдэг бол, юманд гомддог бол тэрийгээ л зүгээр гарга, ямар ч илүү маяггүй зүгээр нэг байгаад өг...” гэдгийг их сонсдог. Нөгөө талаараа сонсоход амархан юм шиг мөртлөө жүжигчний уран чадварыг маш ихээр шалгадаг шалгууртай жүжгүүд гэж ойлгож болно. Өөрийн чинь хувьд манай театрт ирдэг үзэгч гэдэг нь мэдэгдэж байна л даа. Бид сонгодог биш сонгомол буюу Нобелийн шагнал хүртсэн шилээвэр жүжгүүдийг сонгож театрынхаа тайзнаа амилуулдаг.

“Гэгээн Муза 2015” наадмын “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналын эзэн хэрнээ Оюунзул ер нь PR талдаа тэр болгон анхаардаггүй юм шиг анзаарагддаг...

Анх удаа нэр дэвшээд тэр том шагналын эзэн болсон. Өмнө нь нэр дэвших битгий хэл ёслолын арга хэмжээнд оролцож, үзэж ч байгаагүй юм билээ. Азтай, одтой сайхан байсан. Миний хүндэлдэг найруулагч анх Blackbox театрт биднийг шалгаж авч, өдий зэрэгтэй явж байгаагийн нэг түлхэц бол ОХУ-ын найруулагч Олег Юмов юм. Юмов найруулагч цаг тутам уран бүтээлээрээ амьсгалдаг, дандаа найруулагчийнхаа ажлыг хийж явдаг. Гэхдээ хэзээ ч би ийм юм хийчихсэн шүү гэж зарладаггүй. Тэр ч их нөлөөлсөн байх. Манай театрын аль ч жүжигчин тийм шүү. Рекламны мангас гэгддэг С.Мягмар ах маань өөрийнхөө театрын үйл ажиллагааг рекламдаад дэлгээд байдаггүй. Яг үнэндээ мэдээлэл өгч байж, хүмүүс мэдэх ёстой л доо. Гэхдээ уран бүтээл дээрээ ажиллаж байх хугацаанд юун тэр реклам сурталчилгаанд анхаарах мантай л байдаг. Түр амсхийлээ ч гэсэн оюун ухаан тэр чигтээ бүтээлдээ чиглэчихсэн байдаг. Үргэлж сайн бүтээл хийхийн төлөө ажиллана. Магадгүй сенсацилаад, олон юм ярьчихсан байдаг, бүтээл нь хүнд хүрэхгүй бол яах вэ? гэдгийг ч бас бодох л хэрэгтэй. Уран бүтээлч хүн өөрийгөө рекламдах биш, бусад хүмүүс бүтээлийг нь сонирхож, тэгтэл нь сайн байх ёстой. Өөрийгөө л яриад, өөрийгөө ч гээд байх нь надад таалагддаггүй.  

Тоглосон тайз, дэлгэцийн бүтээлүүдийнхээ тоог гаргаж байсан уу?

Хамгийн анх 2010 онд “Ах дүүс” кинонд тоглож байсан. “Миний ахын эхнэр”, “Бардо”, “Эр хүн болгож өгөөч” УСК болон “Гэрлэн дохио” телевизийн олон ангит кинонуудад бас тоглож байлаа. Ер нь, гол болон туслах дүрд тоглох нь чухал биш, тэр дүрдээ хэрхэн тоглосон, дүр нь чамд ямар санагдсан бэ гэдгээрээ сэтгэлд үлдчихдэг юм билээ. Хамгийн анх Ч.Найдандорж найруулагчийн найруулсан “Х ТҮЦ” продакшны “Сэрүүн хасын нууц” жүжгийн бага хатны дүрд тоглосон. Тэр жүжигт Л.Эрдэнэ-Очир эгч бас гадны жүжигчин байж таарсан. Тэр үед бид хоёр танилцаад Blackbox театрт орох үндэс нь тавигдсан даа. Японы нэрт зохиолч Акутагавагийн "Ширэнгэнд", Францын зохиолч Э.Инэскугийн "Сандлууд", Оросын зохиолч Богославскийн "Хүн хүний хайр", Жан Кокто “Хүний дуу хоолой”, Фредрих Дюренматт “Хатагтайн айлчлал”, Э.Инэску “Хирс”, дэлхийн сонгодог абсурд Самуэл Беккетийн “Гоодойг хүлээсэн нь” зэрэг жүжгүүд Blackbox театрын тайзнаа амилаад байна.

Жүжигчний мэргэжлийг яагаад сонгосон юм бэ? Мэргэжлээ сонгосон тэр цагаасаа хүн тэр чиглэлд өөрийгөө илүүтэй хөгжүүлдэг шүү дээ.

Арван жилийн сургуульд ороод л нэгдүгээр ангидаа багшийнхаа нүдэнд өртсөн. Чанга дуу хоолойтой гээд л самбарын өмнө шүлэг уншуулдаг байсан. Дундговь аймгийн Говь-Угтаал сумын сургуульд Оюунчимэг гээд туршлагатай сайн багшийн гар дээр очиж байлаа. Багш маань хүүхдүүдийг чиглэл чиглэлээр нь хөгжүүлэхийг зорьдог байсан шиг байгаа юм. Тэгээд л аймгийнхаа тэмцээнд ороод л, урлагийн үзлэгтээ түрүүлээд л, “Уран жиргээ” тэмцээнд ороод л явсан. Дөрөвдүгээр ангидаа ээждээ “Би жүжигчин болдог юм билүү? Багш болдог юм билүү?” гэхэд “Аль алийг нь бодоод л явж байхгүй юу” гэж хэлж байсныг мартдаггүй. Тухайн үедээ хөдөө сумын жаахан хүүхэд орой болгон нэг л зүйлийг мөрөөддөг байсан. Хотын ганган охин болчихсон дуулж, бүжиглээд л, жүжиглэж байна гэж маш их төсөөлдөг байсан. Зургаадугаар ангидаа Дамдинхүүгийн Саранхүү багштай “Цоглог” студид явж эхэлсэн. Олон жил үйл ажиллагаа явуулж, Монголын жүжигчдийг бэлтгэсэн энэ студидээ одоо багшилж байгаа. Драмын дугуйлан учир гамм уншуулна, ном шүлэг уншина, бүжгийн дасгалууд гээд бүгдийг цогцоор нь заадаг. Долоодугаар ангид байхад МҮОНРТ-ээс хүүхдийн нэвтрүүлэгт хөтлөгч шалгаруулж авахад нь би тэнцэж, Сүхбат найруулагчтай хөтлөгчөөр ажиллаж эхэлсэн. Есдүгээр ангидаа сэтгүүлч болно гэж шийдсэн юм. Ингээд элсэлтийн шалгалт өгөх үедээ ээжээсээ “Бүжиглэх, дуулах, жүжиглэх гээд аль алийг нь хийдэг ямар мэргэжил байдаг вэ гэж ярилцаад “Жүжигчин нь л аль аль талруугаа хөрвөдөг” гэдэг дээр санал нэгдсэн дээ. Тэгээд жүжигчний мэргэжлийг сонгож байсан учиртай /инээв/. 

Ээжтэйгээ их дотно юм шиг байна. Хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцаач?

Манайх гурван хүүхэдтэй дундаж амьдралтай л айл. Бусдаас илүү ганган чаминг дандаа авч өгөөд байдаггүй ч гэсэн сургалтын төлбөр, зайлшгүй миний сурах ёстой зүйл, дугуйлангийн төлбөр, тэрэнд шаардлагатай хувцас даашинзыг аль чадлаараа л бэлдэж өгдөг байсан. Азтай л хүүхэд нас. Манай гэр бүл аз жаргалтай сайхан гэр бүл шүү гэдгийг ойлгохгүй байсан тэр үеэ өнгөрсний дараа “Тэр үед ямар гоё байсан юм бэ” гэж хардаг. Аав, ээж маань хоёулаа дээд боловсролтой хүмүүс боловч бидний багад хөдөө мал дээр гарч байсан. Манайх малтай, адуутай, айрагтай, ойр хавийнхан ирж найрладаг, тийм л байсан. Аав маань хангайн хүн болохоор говьд байшин барьсан байх. Зурагттай болохоор ойр хавийн бүх хүн ирж зурагт үзнэ. Аав маань моринд сонирхолтой, морь уядаг. Бид гурав гурвуулаа хурдан морь унана. Миний унаж байсан үе бол аавын уяачийн эд үе байсан. Наадамд явах болохоор уртаа буржгар үсээ жижиг жижиг сүлжээд л, майхантай хол зөндөө олон өдрөөр явна. Их гоё гийнгоолохоор л морьд уяа тойроод хөнгөрдөг. Тэгж чадахгүй байгаа морьдын уяачид нь ааваас “охиноо гийнгоолуулаад өгөөч” гээд л гуйна. Тийм сайхан дурсамжаар дүүрэн хүүхэд нас минь өнгөрсөн дөө. Драмын дугуйланд ороод л хөдөө ч явахаа бараг больсон. Одоо бол манай дүү ОХУ-д сурдаг. Ээж, эгчтэйгээ, дүүтэйгээ чухал юмаа интернэтээр зөвлөлдөж ярилцдаг.

Монгол ахуйтайгаа их ойр өсчээ... Хурдаг морины хүүхдүүд цаанаа л нэг адтай байдаг шүү дээ.

Хөдөө өссөн хүүхдүүд их өөр байдаг юм шиг анзаарагддаг. Нэг талдаа гүргэр, юмыг чин сэтгэлээсээ хийдэг, үнэнч шударга байх гээд байдаг. Буцаагаад хүнээс тийм чанар шаарддаг. Бага ангийнхан, хотын ангийнхан, их сургуулийн ангийнхан гээд харьцуулахад ялгаа нь тод харагддаг. Суурь бол байдаг шүү.

Залуу хүний хувьд гэр бүлээ хэрхэн төлөвлөж байна вэ? Цагаан сараар “Хань ижилтэй болж байна уу?”, “Хүүхэд чинь оройтлоо...” гэх хэцүү асуулт ирэх бүрийд бууз авч идсээр байгаад бөндийчихлөө гэдэг шиг, ийм асуулт хэр их ирж байна вэ?

Уул нь бол төлөвлөгөөний дагуу л явж байгаа. Мэдээж эмэгтэй хүн юм чинь хань ижилтэй болоод, үр хүүхэд гаргаад сайхан амьдрахыг боддог. Гэхдээ тэгтлээ их ач холбогдол өгдөггүй байсан юм байна гэдгээ анзаарсан. Энэ тал дээр бодох ёстой юм байна. Манай хамаатнууд надад итгэдэг болохоор тэгдэг юмуу, ер нь бол тэр талаар огт ярьдаггүй. Дотны хүмүүсээс гадна бусад хүмүүс тийм юм яриад л байдаг болчихсон байна билээ. Гэр бүлээ хүн төлөвлөдөг хэдий ч энэ бол бурханаас өгдөг хувь заяаны бэлэг, цаг нь ирэхээр болдог л зүйл гэж боддог. Энэ бол ажил биш. Ном уншиж дуусгаад сурсан юмаа бичихтэй зүйрлэшгүй шүү дээ.

Уран бүтээлчдийн ажлын нэг хэсэг болсон ном зохиолуудтай нөхөрлөж явахдаа гүн сэтгэгдэл үлдээсэн зохиолуудаасаа иш татаж нэрлэхгүй юу? Мөн уран бүтээлчдээс хэнийг эрхэмлэн хүндэлдэг вэ? 

Ном их уншдаг хүмүүсийн хажууд би харьцангуй ховор уншдаг юм билээ. Ном зардаг нэг танил ах маань надад “Энэ зохиолыг заавал унших ёстой гээд л байдаг ч заримыг нь уншъя гээд ч уншиж чаддаггүй” гэж хэлж байсан юм. Ном ерөөсөө л анхны хэвлэлтээрээ байж гэмээнэ хүний сэтгэлд зөв хүрдэг юм байна. Хураангуйлсан, дахин хэвлэгдсэн гэхээрээ л хэцүүхэн болоод явчихдаг юм байна гэдгийг ойлгосон. “Ромео, Жульетта” гэхэд хэний орчуулга вэ? Орчуулагч нь энэ жанрт тохирдог юмуу, үгүй юмуу? Ямар өнцгөөс бичдэг юм бэ? гэхчилэн зүгээр нэг ном аваад унших биш илүү их мэдлэг шаардаад эхэлдэг юм байна. Сүүлд Ан Чи Мин “Улаан сухай” зохиол маш их таалагдсан. Хятад орноосоо дүрвэж, АНУ руу цагаачилж амьдарсан тэр эмэгтэй өөрийнхөө амьдралаар уран зохиол болгож бичсэн. Лесби хүүхнүүдийн тухай гараад байгаа юм шиг боловч яг үнэндээ хүний ганцаардал, хүний дотоод чанар, улс орон нийгмийн байдал хэцүүдэхэд хэлэх үг, гарах гарцгүй сэтгэл дотроо яаж тарчилдаг талаар онц сонирхолтой бичсэн зохиол юм. Би мэдээж театрынхаа уран бүтээлчдийг бүгдийг хүндэлдэг. Хүн чанар, аливаад хандах хандлагын хувьд хариуцлагатай, сайхан сэтгэлтэй хүмүүс гэдэг нь мэдрэгддэг. Тийм ч учраас улсын ямар нэгэн дэмжлэггүй байгаа энэ хувийн театрт уран бүтээлтэй үедээ цуглараад уран бүтээлийнхээ төлөө гэсэн сэтгэлээр олон зүйлийг давж гардаг. АЖ Н.Сувд эгчийг маш их хүндэлдэг. Их сайхан биеэ авч явдаг эмэгтэй гэдгийг Монголын ард түмэн мэднэ. Ер нь бол миний багш декан, хичээл заалгаж байгаагүй ч гэсэн би тэр хүний удирдлаганд байдаг, миний сургуульдаа үлдэх үлдэхгүй нь тэр хүнээр шийдэгддэг байсан. Сувд гуай “Сэрүүн хасын нууц” жүжигт ажиллаж байхдаа хүн болгонд учиргүй зааж зөвлөөд байхгүй ч хэнд тусламж, зөвлөгөө хэрэгтэй байна гэдгийг мэдэрч ойлгож чаддаг, дүр дээрээ их шаргуу, нухацтай ажилладаг нь хүндлэхгүй байхын аргагүй. Оёгоо буюу Ц.Төмөрхуяг ахтай хамтарч ажиллаж байх тухайн үедээ бүрэн дүүрэн ойлгоогүй ч гэсэн маш мундаг жүжигчин гэдгийг хожим ойлгосон. Урлагийн дектатур их өндөртэй. Найруулагчийн өөдөөс үг хэлэх ёсгүй, жүжигчин ийм байх ёстой гэдгийг биеэрээ үлгэрлэж харуулдаг уран бүтээлч. Холливудын жүжигчдээс Мэрил Стрипийг хүндэлдэг. Дүр болгон нь сэтгэлд хүрдэг. Мөн Италийн жүжигчин Орнелло Мутти гээд эдгээр хүмүүсийг илүү их хүндэлдэг  дээ.

Монголд маань урлагийн хөгжил ямар байгаа талаар таны бодол? Энийг л өөрчилчихмөөр байна гэсэн эмзэглэл байдаг уу?

Байлгүй яах вэ, маш их бий. Манайхан дэлхийн жишиг гэхээрээ техник тал дээр, өнгөндөө илүү их анхаараад байгаа юм шиг харагддаг. Илүү их дотогшоо өнгийгөөсэй гэж хүсдэг. Хүмүүс дээр үеийн кинонуудыг гоё гээд үзээд байна шүү дээ. Саяхан хуучны кинонуудаа үзэхэд үнэхээр энэ бүгд л пост модернист, абсурд юм байна гэж бодогдсон. Пост модернист, абсурд жүжигт жүжигчдээс энгийн байхыг л шаарддаг. Магадгүй долоо хоногийн өмнө надаас энэ асуултыг асуусан бол бол би бөөрөнхийлөөд өнгөрөх байсан байх. Заримдаа залуу жүжигчдийгээ хараад “яалтай билээ дээ...” гэж бодогдох юм. Уншиж байгаа зохиол, тайзны гараа, хийж байгаа юмаараа хөглөгдөөд л яваа юм. Би өөрөө хошин урлагийн продакшнд ажиллаж байсан. Маш их эрч хүч, сэргэлэн овсгоотой зан, уран чадвар маш их шаарддаг. Гэхдээ тэрийг уран бүтээл гэхээсээ илүү буруу ойлголттой яваад байгаа юм болов уу гэж харагддаг. Нэгэнт ард түмэнд танигдсан томчууд бол яаж ч байсан арга ухаанаа олоод л явчихна. Залуу жүжигчид, уран бүтээлчдийг яана даа гэж хааяа боддог. Холливудын инээдмийн кино хөнгөн жанрынх ч гэсэн цаагуураа яг үнэн байж чаддаг. Үнэн гэдэг сууриа дотроо зөв олоод авчихвал “Үнэн хүн” хошин шогоо тоглоно уу, алиалагч хийнэ үү яаж ч байсан үнэн л байдаг. Жүжигчний мэргэжил бол мөнгө олох ёстой мэргэжил биш. Энэ дүр сэтгэлийн ямар асуудал гаргах юм бэ, би чадах болов уу гэж бодохын оронд хэдэн төгрөг өгөх юм бэ гэж хамгийн түрүүнд асуудаг болчихсон. Би энэ ойлголтыг үнэхээр ойлгохгүй байгаа.

Монголын урлаг хаана явна вэ гэдгийг мэдрээд, ойлгоод яваа хэрнээ дутагдалтайгаа эвлэрээд засах гэж хичээдэг, чадаж байгаагаа ч гэсэн ойлгоод явж байгаа уран бүтээлчид олон бий. Сайн продюссер, найруулагч нар л Монголд хэрэгтэй. Жүжигчид бол яахав дээ буруу ч, зөв ч тоглолттой байлаа гэсэн чиглүүлээд өгдөг найруулагч байхад жүжигчин хувирч чадна. Зайлуул найруулагчгүй болохоороо л өөрсдөө урдаасаа харж өөрийгөө найруулаад л, муулуулаад, сайлуулаад яваад байгаа юм шүү дээ. Мундаг сайн найрулагчид олон болоосой гэж хүсдэг.

Ярилцлагаа энд хүргээд өндөрлөе. Нэг сайхан уриалга хэлэхгүй юу?

Хүний амьдралд баярлах нэг өдөр байна, гуниж зовох ч өдөр бий. Хүн хүсэл мөрөөдөлтэй, зорилготой, тэрнийхээ төлөө тууштай тэмцвэл тодорхой хэмжээний амжилтанд хүрдэг. Өөрөөсөө дээш хүмүүст зөвлөөд байх нь юу юм бэ. Залуучууддаа хандаад хэлэхэд юманд чин сэтгэлээсээ ханддаг байгаарай. Эвтэй байна гэхээр дандаа найзан дундаа байгаад л инээлдээд л, бурууг өөгшүүлээд л байхын нэр биш. Хэрүүл гарчих учир би чимээгүй өнгөрье гэх биш. Энэ бол хүний мөн чанарыг мөлийлгөж, дардаг зүйл. Гэхдээ шударга байна гээд юм болгон дээр өрвөлзөөд байх нь хаашаа юм бэ. Өнөөгийн залуус хэт дотно биш, хэт хөндий биш харилцааг эрхэмлэдэг болсон Одоо бол хүн бүр нүүр ном, интернэт, твиттерт цаг их нөгцөөх болсон. Нийгмийн хурдтай хөгжил, дээр нь энэ олон юм бидэнд юм бодох боломж өгөхгүй байна шүү дээ.. Өөрийнхөө чин үнэнч чанараа дандаа хөгжүүлж, ном уншиж, өөртэйгөө адилхан хүнтэй ярилцаж, илүү их би рүүгээ ханддаг, өөртэйгөө ажилладаг байгаасай гэж хүсдэг. Өдөр болгоныг инээмсэглэж угтаж байгаарай.

Дараа дахин уран бүтээлийн амжилт бүтээл өрнүүн сайхан уулзахын ерөөл өргөе. 

 Баярлалаа, танай хамт олонд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

Ярилцсан: Сэтгүүлч М.Хонгорзул

 

 

3
Таалах
1
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих
Хариулт
Солонго
2017-06-16 13:39:04
Аниадаа аз жаргал хүсье. Мундаг шүү