Миний худалдаж авсан нөхөр
Э. Цаагий
2017-04-28 16:00:27

Би энэ өгүүллэгийг бичих учиргүй байсан юм...

Зөвхөн чив чимээгvй байснаараа л би энэ бүхнийг даван туулсан. Өөрийгөө дуугүй байлгахийн тулд магадгүй энэ хорвоо дээрх ямар ч бүсгүй туулж гараагүй тэр их зовлонг би тэссэн юм. Харин одоо: Би ярьж эхлэхээр шийдсэн. Yнэндээ одоо нууцаа дэлгэх нь ямар ч утгагүй ч гэсэн надад итгэл найдвар байсаар байгаагаа би саяхан мэдсэн юм. Миний эцсийн ганцхан найдвар. Надад одоо их цаг үлдээгvй байгаа. Амьдрал хов хоосорч, эрлэгийн үүдэн дээр оччихоод байхад хамгийн эцсийнхээ боломжийг ашигласныг минь буруутгах хүн гарахгvй гэж би найднам. Бүх юм дуусахын өмнөх ганцхан боломж... Тийм учраас би энэхүү нууцаа бичэхээр шийдсэн юм.

          Би Гэнрид хайртай байсаан, одоо ч хайртай. Өөрийнхөө тухай өнгөрүүлсэн амьдралийнхаа тухай хэлж чадах ганцхан юм маань гэвэл ердөө л энэ. Миний амьдрал гэвэл ердөө л Гэнри. Энэ хорвоо дээр хайрлаж дурлаж үзээгvй хүн нэгээхэн ч үгүй биз ээ! Гэхдээ хайр гэгч чиний ухаан санаа, зүрх сэтгэл гээд бүхэл хил хязгаарыг төвөггүй давж чаддаг юм билээ.
           Би түүнтэй хэрхэн танилцаж байснаа огт боддоггvй юм. Надад угаасаа чухал ч биш. Би түүнтэйгээ уулзах учиртай л байсан, тэгээд л бид учирсан. Хэзээ, яаж яагаад түүнийг хайрлаж эхэлсэн, хэрхэн түүнийг хайрладагаа ухаарсаныгаа бол бүүр ч мэдэхгvй. Миний мэдэх юм гэвэл амьдрал маань 2хон үгнээс бvрдэж байсан: "Гэнри Стаффорд". тэр өндөр туранхай, бас хэтэрхий үзэсгэлэнтэй хvн байсан юм. Тэр маань асар их хүсэл тэмүүлэлтэй байсан ч тэрийгээ хэзээ нэг цагт анзаарч байсан гэж боддоггvй. Байгалиас л тэр чигээрээ төрсөн хүн байсан. Yргэлжилсэн их хvсэл мөрөөдөл түүнд бурхнаас заяасан байсан юм. Гэнри миний л мэдэх хамгийн төгс төгөлдөр, ухаалаг эр. Бүхэл хамт олон даяараа тvvнийг гайхан биширдэг байхад тэр бусад хүмүүсийг шоглон хөхөрч чаддаг байлаа. Бага зэрэг залхуу, бас няхуур. Гэхдээ түүнийг юу ч цочроож чадахгүй. Өөртөө шүүмжлэлтэй бас итгэлтэй ханддаг ч бусадтай тохуурхангуй ихэмсэг байдлаар харьцдаг байсан юм.
          Мэдээж манай жижигхэн хотын охин бүр түүн рүү хошуурдаг байлаа. Тэр хүн бүртэй нээлттэй сээтгэнэдэг байсан нь охидийг галзууруулах дөхдөг байв. Гэнригийн аав нь түүнд томоохон бизнес орхисоныг Гэнри зовлон төвөг багатай ч хангалттай мөнгө олж чадахуйцаар зохицуулан эрхэлдэг байжээ. Тэр нийгэм хамт олонтойгоо харьцахдаа, хатагтай нартай сээтэгнэхдээ, ном сонин уншихдаа гаргадаг эелдэг байдал, төгс тоомжиргvй байдлаараа бизнесээ эрхэлдэг байсан.

           Ноён Барнс  нас ахисан хуульч, хуучин анд маань нэг удаа "Тэр боломжгүй залуу... Би түүний хайрлах бvсгүйд атаархана... харин түүнтэй гэрлэх бүсгүйг өрөвдөнө." гэж их л бодлогоширонгуй дуугаар надад хэлж байсан юм. Тухайн үедээ бол би ганц ноён Барнсын ч биш олон хүний атаархалыг төрүүлсэн: Гэнри Стаффорд намайг хайрласан. Тэгэхэд би дөнгөж хорин нэгэн настай, хамгийн сайн их сургуулиудын нэгийг төгсчихөөд байсан юм. Би эцэг эхийнхээ үлдээсэн үзэсгэлэнтэй эдлэн газарт, уугуул хотдоо ирж амьдрахаар шийдсэн маань ямар ч учиртай байсан юм бэ дээ. Ойрын ямар ч хамаатангүй надад үлдсэн тэр эдлэн газар том, тансаг, бас сайхан том цэцэрлэгтэй байлаа. Би тэндээ өөрөө өөрийнхөөрөө амьдарсаар бүүр дасчихсан байв.
        Энэ өгүүллэгтээ би хамаг л үнэнийг хэлж байгаа учраас би өөрийгөө үзэсгэлэнтэй сайхан байсан гэдгээ ч хэлэх хэрэгтэй болов уу! Бас бусдаас илүү цэцэн цэлмэг гэдгээ ч би мэддэг байсан юм. Ер нь ухаалаг хүн өөрийнхөө ухаалагийг яаж ч байсан мэддэг шvv дээ. Хүмүүс бүгд л намайг "Дэндүү сайхан ухаалаг охин" "асар их ирээдүйтэй бүсгүй" гэлцдэг байсан ч гэсэн миний өөрийнхөөрөө занд маань нэг их дуртай байгаагүй шиг санагддаг.
          Би Гэнри Стаффордод хайртай байлаа. Миний насныхаа эцэст ойлгож авсан зүйл бол ердөө л энэ. Тэр миний амьдрал байсан юм. Хэзээ нэгэн цагт өөр хүнийг хайрлаж чадахгүй гэдгээ би үргэлж мэддэг байсан. Тэр маань ч үнэн байжээ. Магадгүй хүн хүнээ тэгж их хайрлаж болохгүй, дэмий байдаг байх. Гэхдээ одоо хэнбугай ч надад тэгж хэлээд нэмэргүй болжээ: тэр миний амьдрал байсан юм байж.
            Стаффорд ч надад хайртай байсаан. Бүүр чин сэтгэлээсээ. Энэ бол түүний амьдралдаа анх удаа инээлгүйгээр харсан зүйл нь байсан юм. "Би өөрийгөө хайрын өмнө ийм хүчин мөхөс амьтан болчихно гэж хэзээ ч боддоггvй байжээ" гэж тэр маань заримдаа зөөлхөн хэлдэг байв. "Чи минийх байх учиртай, Иринэ. яагаад гэвэл би өөрийнхөө хүссэн бүгдийг авах гэж хорвоод төрсөн хүн. Харин чи бол миний хорвоогоос хүсэх цорын ганц зүйл." гээд гарын маань хурууны өндөгнөөс мөр хүртэл маань үнсэж байсныг нь би мартдаггүй юм.
              Би бол түүн рүү харахдаа энэ хорвоо дээр өөр юүг ч мэдэрч чадахаа больдог байлаа. Түүний хөдлөж байгаа нь, ааш аяг нь дуу хоолой нь гээд бүгд л намайг чичрүүлж орхидог... Yүн шиг их сэтгэлийн хөдлөл, хүсэл биед чинь нэг орчихвол хэзээ ч гардаггvй юм билээ. Сүүлчийн чин амьсгал л үүний төгсгөл болно. Энэ мэдрэмж чиний биеийг чин шатаж дуустал оршино. Дахин шатах юу ч үлдээгvй байхад ч тэр мэдрэмж бадамлан ассаар л байх болно. Тэгээд л аз жаргал эхлэнэ дээ. Дэндүү их жаргал... 

Би нэг өдрийг бүүр маш тод санаж байна. Yер усаар ямар баян байдаг билээ дээ... Яг л тийм их нартай нэгэн өдөр байсан юм. Тэр бид хоёр дүүжин даажин дээр тоглож байлаа. Бид хоёр цав цагаан хувцастай, урт нарийн тавцангийн хоёр талд нь зогсчихсон, олсноос гараараа чанга гэгч нь атгачихсан нэг талаас нөгөө тал руу нисэх мэт савлуурдаж байлаа. Бид маш хурдан савлаж байснаас болоод олс хачин этгээд дуу гаргаж, би бүүр амьсгалж ч чадахгvй болчихсон байсан юм. Дээшээ... Доошоо... Дээшээ... Доошоо... Дэрэвгэр банзал маань өвдөгнөөс ч дээш гарч нисэн байхад тэр маань "илүү хурдан, илүү хурдан" хэмээн хашгарч байлаа. "Дээшээ... Гэнри дээшээ..." гэж би хариулсан. Цамц нь цээж онгорхой, ханцуйгаа тохой хүртлээ шуучихсан тэр маань ямар ч үзэсгэлэнтэй харагдаж байгаав дээ...Гараараа олсноос барьчихсан түүний хөнгөн шингэн хөдөлгөөн, хүчтэй уян бие нь савлуурыг дор нь л хөдөлгөчихөж байлаа. Yс нь салхинд намираад л...
       Амьсгалж ч чадахгүй, тэр хурц наранд байхдаа би өмнөө байгаа залуугаас өөр юуг ч мэдрэхгүй байж билээ. Дараа нь хэн хэндээ юу ч хэлэхгүйгээр савлуурын хамгийн өндөр цэгээс хамаг хурдаараа үсрэн буусан. Газарт унахдаа бид хоёр гар хөлөө бяцхан шалбалцгаасан боловч тэр тухай хэн маань ч бодох сөхөө байсангүй. Тэр намайг тэвэрч савлуур дээр байхад ч мэдрэгдээгүй тэр их галзууралтайгаар үнссэн юм. Энэ нь бидний анхны удаа үнсэлцэж байсан явдал биш боловч, би тэр үнсэлтийг хэзээ ч мартахгүй. Түүний гарт байгаагаа бодохоор би бараг ухаан алдчихаж байлаа. Би түүний мөрийг чанга гэгч нь базаж (урт хумс маань цусийг нь гартал хүчтэй базсан байлаа.) түүнийгээ үнссэн. Дараа нь хүзүүг нь... цамцных нь онгорхой заханд нь хүртэл үнссэн...
          Тэр үед бидний бие биендээ хэлсэн ганц л үг нь түүнээс гарсан байлаа... Зөөлхөн шивнээ... "Yүрд ийм байна гэж хэлээч... Иринэ... Yүрд".
         
Дараагийнх өдөр тэр ирсэнгүй. Yдэш хүртэл сэтгэлээ чилээн хvлээлээ. Байхгүй. Дараагийн өдөр нь ч бас тэр үзэгдсэнгvй. Харин миний зүгээс жаахан ч болов анхаарал татахыг хүсэн явдаг, өөртөө итгэлтэй нэгэн залуу дараах өдөр нь намайг дуудаж янзан бүрийн юмны тухай эцэс төгсгөлгүй мэт юмс ярьсаар байснаа сүүлд нь “Нээрээ сониноос, Гэнри Стаффордын бизнес аюлд учирсан гэнэ лээ. Их л чухал хэцүү юм болсон гэж хүмүүс ярилцацгаах юм билээ.” гэж хэллээ. Маргааш нь би тэр муухай мэдээг бүхнээр нь сонсож билээ: Гэнри бүүр сүйрч дууссан байлаа. Тэр өөрөө юу ч үгүй хоосроод зогсоогvй, маш олон хүнд хувь заяа, асар их мөнгө төлөх учиртай үлдсэн байлаа. Гэхдээ энэ нь түүний буруу биш байжээ… Зүгээр л болчихсон юм байж. Хүн бүр тэрийг нь мэдэж байсан хэрнээ бүгд л түүнийг буруутгаж байв. Тэр дампууралтай хамт түүний нэр төр, ажил хэрэг, ирээдүй бүгд нь шалбаагт унасан юм.
          Түүний компани сүйрсэн нь манай хотынхныг хэсэгтээ л баясгаж байв. Зарим нэг нь Гэнри-г өрөвдөх боловч, ихэнх нь баяртай байлаа. Хүмүүс Гэнри-г хүндэлдэгийнхээ зэрэгцээгээр атаархдаг байж… эсвэл тэд түүнийг хүндэлдэг болохоороо ч атаархдаг байсан биз. Би нэг хүн “ Одоо тэрнийг ямар нүүр гаргахыг нь харах юмсан” гэж байхыг сонсож байлаа. Бас өөр нэг нь “Ха ха шившигтэй юм” гэнэ...
           Маш олон хүмүүс намайг ч бас зүгээр байлгасангvй. “Гэнри тэр Иринэ Вилмэрын юунд нь болдог байнаа.” гэж Паци Тиллинс гэгч алдартай сээтэн хүүхэн олон хүний санал бодлыг нэг өгүүлбэрээр хэлчихэж байсан юм. Харин одоо Хатагтай Хью-маниа нийгмийн тэргvvн хүмүүсийн нэг (гэм нь хүнтэй гэрлvvлэх гурван охинтой) надад “Чи цагаа олж зугаацсан нь болсон юм. Угаасаа би тэр залууг нэг л бүтэхгүй амьтан гэж мэдээд байсан юмаа” гэж хэлж байна. Паци нүүрээ будангаа хажуугаас нь “Тэхээр хонгор минь дараагийнх нь хэн бэ?” гэх нь дуулдана…
           Эдгээрийн аль нь ч надад ямар ч нөлөө үзүүлэлгүй байж чадсан юм. Би ямар ч гэсэн нөхцөл байдлыг ойлгож, энэ сүйрэл үнэхээр Гэнри-г дахиж босч ирэхгүй болгож уу үгүй юу гэдгийг мэдэхийг л хүсч байсан. Миний хүндэлдэг нэгэн бизнесмен санамсаргүйгээр миний бүх асуултад хариулчихав. “Гэнри уг нь үнэнч шударга сайхан залуу байгаа юм” гэж тэр нэг найздаа ярьж байсныг нь би санамсаргvй сонсчихсон юм. “Гэхдээ одоо аль болох хурдан өөрийгөө буудах л түүний нэр төрийг аварч чадах биз… ”. Тэгээд л би бүхнийг ойлгов. Би удаан ч бодсонгvй, мөрөн дээрээ нэг юм авч хаячихаад л тэднийх рүү хамаг хурдаараа гүйж билээ. Түүнийгээ харсан даруйдаа би өөрийн эрхгvй айн чичирсэн. Би түүнийгээ бараг л таньсангүй: ширээн дээр сууж байгаа чулуун нүүр хөдөлгөөнгүй нүд түүнийх минь гэхэд итгэмээргүй байлаа. Сандалных нь хажуугаар түүний нэг гар нь амьгүй юм шиг унжиж хурууных нь өндөг нь үл мэдэг чичэрнэ.
Намайг орж ирэхийг ч тэр мэдсэнгvй. Би түүн рүү очоод толгойгоо өвдөгнийх нь завсар хийн сөхрөн унав. Тэр хэсэг дагжин байснаа гарыг минь хүчтэй татаж намайг босгоод “Гэртээ харь Ирэнэ.” Гэж хүйтэн утгагүй өнгөөр хэллээ. “Тэгээд дахиад хэзээ ч битгий эргэж ирээрэй!”
“Чи надад хайргүй юм гэж үү? Гэнри” гэж би өөрөө ч мэдэлгvй шивнэв.
“Одоо бидний хооронд юу ч болохоосоо өнгөрсөн гэдгийг чи ойлгохгүй байна гэж үү? ”гэж хэлэхэд түүний дуунаас нь; зовлон шаналал, уур уцаар ханхалж байсан. Би ойлгож байлаа. Гэхдээ би ойлгонгуутаа инээмсэглэсэн юм: энэ бүгд түүний хэлсэн үнэн байх ямар ч учир байхгүй. Мөнгө одоо бидний хайрыг сатааруулах гэж оролдож байна. “Мөнгө надаас Гэнри-г булаах гэнээ? Шог юм.” Би чанга гэгчээр инээж эхэллээ… Гэхдээ айдас дүүрэн инээдээр… Хэрвээ чиний бүхэл амьдрал, утга учир, чамд байгаа ганцхан бурханыг чинь зөвхөн мөнгөгvй болсных нь төлөө орхи гэвэл инээд чинь хvрэхгүй гэж үү?
            Тэр маань намайг сонсохыг хүсээгүй ч би сонсуулж чадсан юм. Хэр зэрэг удаан хэдэн цаг гуйснаа ч би мэдэхгvй байна. Тэр үгүйсгэсээр л байлаа. Тэр заримдаа зөөлхнөөр намайг орхихыг гуйж, заримдаа хvйтэн өнгөөр яв гэж хашгирч байв… Гэсэн ч би түүний нүдэнд нь байсан асар хүчтэй хайр хэвээрээ байсныг олж харсан. Тийм учраас явах тухай бодсон ч үгүй. Би түүний хөлд нь сууж “Гэнри Гэнри… Би чамгүйгээр амьдарч чадахгvй шүү дээ…чадахгүй” гээд уйлж байлаа. Гэхдээ л түүнийг намайг сонстол нь бас л зөндөө удсан… Гэхдээ цөхрөл ямагт залаа олдог юм билээ… Эцсийн эцэст тэр бууж өгсөн юм: тэр гэнэт намайг тэвэрч нүүрийг минь нулимс үнсэлт 2оороо будаад “Тэгнээ… Ирэнэ.. тэгнэ” гэж хэлээд чичирч билээ. Түүний их хайр нь бүгдийг нь дуусашгvй их сэтгэл хөдлөлөөр дүүргэсэн байлаа.
            Манай бяцхан хотынхны гайхшрал Гэнригийн дампууралаар дууссангүй: тэд бид хоёр ын тухай дуулахдаа ёстой нэг дэлбэрэх шиг болж байлаа. Эхлээд түүнд хэн ч итгэсэнгүй. Итгэх ч аргагүй байсан юм чинь… Тэд бүгд намайг галзуу солиотой мэтээр бодож байв… Гэхдээ үнээн би хайрандаа галзуурчихсан байсан юм… Хатагтай Хью хүртэл над дээр гүйж ирээд “Чи чинь галзуураа юу? Чи түүнтэй гэрлэж болохгүй, Ирэнэ… Энэ чинь тэнэг хэрэг… тэнэг…” гэж үнэн сэтгэлээсээ хэлж байсан. Тэр бүүр хэлэх үгээ ч олохгүй байв. Түүний найз, өөрийгөө нэг их илэрхийлээд байдаггүй Ноён Броган хүртэл “Наадах чинь солиорчихож” гэж хэлж байсан юм даг
        Ноён Дэвис- манай эцэг эх 2ын хуучин анд надтай ярихаар ирлээ. Тэр намайг дахин энэ шийдвэрээ бодож үзэхийг хүсэв. Би өөрийнхөө ирээдүйг нөхрийнхөө өрийг төлөхдөө зарцуулах юм бол юу ч үгүй үлдэж хамраараа газар хатгана гэнэ. ха ха ха. Би үүнийг сонсоод инээхээс өөр юу ч хэлсэнгvй. Би дэндүү их жаргалтай байлаа.
         Хамгийн холын хараатай үгийг Ноён Барнэс хэлсэн юм. Тэр над руу бодлогоширсон нүдээр удаан ширтэж амьдрал таньснийх нь ул мөр болж үлдсэн уйтгартай зөөлөн инээмсэглэлэээр мишээж "Чамайг дандаа ийм их баяртай байхгүй л болов уу гэж би айж байна, Ирэнэ... Ийм их хүсэл мөрөөдөл, дэврүүн тэмүүлэл сайн юм авчирдаггүй юм шүү!" гэж хэлсэн юм. Дараагаар нь тэр Гэнри руу эргэж "Стаффорд! чи өөрийнхөө алхах гишгэхийг мэдэж л яваарай даа..." гэж хүйтэн өнгөөр хэллээ. "Надад тэгж хэлэх тань илүүц биз дээ!" гэж Стаффорд түүнээс дутахгүй хүйтэн өнгөөр хариулсан юм.
          Ингээд бид гэрлэлээ. Зарим хүмүүс төгс аз жаргал хэзээ ч байдаггүй гэж хэлэх нь бий. Гэхдээ би тэр төгс аз жаргалыг амссан юм. Миний мэдэрч байсан тэр мэдрэмжийг аз жаргал гэхэд ч багадна... Би Гэнригийн эхнэр нь боллоо... Би одоо Ирэнэ Вилмэр биш Ирэнэ Стаффорд. Би гэрлэчихээд яг яаж байснаа санадаггүй юм. Ер нь юу ч санадаггүй юм. Хэрвээ хэн нэг нь ирээд надаас гэрлэчихээд яаж байсан ямар байсныг маань асуувал би ганцхан л үг хэлж чадна: "Гэнри". Тэр үргэлж тэнд байсан, надад өөр юу хэрэгтэй байх билээ дээ. Би өөртөө байсан бүхнийгээ зарж түүний өрийг дарж нэг ёсондоо түүнийг аварлаа. Бид одоо зөвхөн хоёр биенийхээ төлөө амьдрах л үлдлээ: өөр хэн ч биднийг ядраахгvй, зөвхөн бид хоёр... хоёр хүн хамтдаа туулж болох хамгийн агуу амьдрал.
         Гэхдээ нэг их удалгүй ирээдүйнхээ тухай бодохоос өөр аргагүй болсон юм. Бид нэгэнт надад байсан хамаг мөнгийг үрж, миний байшин сав, үнэт эдлэлийг бүгдийг нь зарчихсан байсан учраас, өөр орлогын эх үүсвэр олох шаардлагатай болов. Гэнри их сургуулиа инженер мэргэжлээр төгссөн учраас энэ чиглэлээрээ ажиллах болов. Хэдий нэг их сүртэй ажил биш байсан ч урьд нь мэргэжлээрээ ажиллаж байгаагүй түүнд дажгүй л эхлэл байлаа.
          Манайх гэдэг айл нэгэн бяцхан сууцанд амь зогоох болов. Тэгээд л амьдрал эхэлсэн дээ. Түүнийг зохих ёсоор амьдруулах гэж би өөртөө байдаг хамаг хүчээ шавхаж байв. Гэнри маань заримдаа эрч хүчээ хуваарилаж чаддагүй учир, би түүний ажилд нь ч хүртрэл туслаж байсан. Маш чухал ажлынхаа тэг дунд нь явж байж, буйдан дээр хэвтэж сонирхолтой ном уншин тамхи баагиулан хэвтэх нь түүний хувьд байнга тохиолддог байв. Гэсэн ч би түүний ажлыг нь хийлгэх аргуудыг үргэлж олж чаддаг байсан бөгөөд тэр маань улам л илүү амжилттай ажилласаар байлаа.
         Би түүний энгийн нэгэн найз нь юм уу зарц нь болж хувьрахгүйг хичээж байв. Би түүний эхнэр нь бас амраг нь байж чадсан гэж итгэдэг. Би өөртөө тодорхой бус жихүүн байдлыг бий болгоcoн нь намайг түүнээс үл мэдэг холдуулж, түүний сонирхолыг нь улам хөдөлгөж чаддаг байсан. Гэрийн бүх ажлыг чухам хэзээдээ хийгээд байгааг минь тэр хэзээ ч анзаарч байгаагүй. Би түүний хувьд баталгаат бараа биш гэрийнхээ хатан хаан, нэгэн нууцлаг оршин тогтногч болж чадаж байлаа. Бид 2 гэрийн амьдралыг хэзээ ч анзаарч байгаагүй гэж би итгэл дүүрэн хэлнэ. Бид асар хүчтэй сэтгэлээр жигүүрлэсэн амрагууд байлаа... Тэгээд л болоо...
         Би түүний амьдралыг нь романс болгож чадсан. Би амьдралын өдөр хором бүрийг өөр өөр, сэтгэл хөдлөм болгож чадсан. Гэр маань амарч, идэж унтдаг газар бус, тэр маань тэмцэж, хожиж, эзлэн авах тоглоомыг тоглодог сэтгэл хөдөлгөсөн ордон байлаа.
          "Чам шиг бүсгүйг бүтээх гэж хэн бодож олдог байна аа, Иринэ." гэж тэр маань заримдаа хэлдэг байв. "Миний амьдарч байгаа нь зөвхөн чиний хүчээр юм шүү дээ" гэж хэлээд миний мөр хүзүүг маань гал халуун үнсэлтээр төөнөдөг байлаа. Би юу ч хэлсэнгүй. Би ер нь түүнд хэзээ ч сэтгэлээ бүхлээр нь үзүүлж байгаагүй юм. Эр хүн өөрийгөө бүсгүй хүний бүх амьдрал гэдгийг мэдээд хэрэггүй байдаг юм. Гэхдээ л Гэнри үүнийг мэдэрдэг байсныг нь би мэднэ.
         Хэсэг хугацаа өнгөрсний дараа биднийг үл ойшоосон өнгөөр угтсан хотынхон маань арай эелдэгээр хандаж эхлэв. Гэхдээ тэмцэл, хөдөлмөр, ганцаардалаас өөр зүйлгvй байсан эхний хэдэн жилүүдэд би ганцаарахнаа л Гэнриг хөтөлж явсан юм. Тэр жилүүдэд түүнд надаас өөр хэн ч хэрээгvй байсан гэдгийгээ би ам бардам хэлнэ. Манай гэрээр байнга ирдэг зочдын нэг нь миний сайн анд ноён Барнс бөгөөд тэр бидний амьдралыг анхааралтай ажиглаж, бидний үл бүтэх аз жаргалыг гайхдаг байв. Нэг удаа тэр "Ирэнэ, хэрвээ тэр чамд хайртай байхаа больчихвол яах вэ?" гэж асуусан юм. Би хамаг хүчээ гарган байж "Дахиж наад тухайгаа битгий дурс, зарим юмнуудыг ярих ч хэрэггүй дэндүү муухай байдаг юм" гэж хэлж билээ. Цаг хугацаа урссаар... гэвч бидний хайр хол хөндий болохын оронд улам бүр агуу болсоор байлаа. Бид одоо 2 биенийхээ харц, хөдөлгөөн, үйл хөдлөл бүхнийг уншиж чаддаг болсон байв. Түүний ажлын өрөөний камин зуухны өмнө бид 2 үдшийг өнгөрөөх дуртайсан. Би дэрэн дээр сууж, хивсэн дээр хэвтэж байгаа түүний толгойг өвдөг дээрээ тавиад дүрэлзэх галын элчинд удаан гэгч нь үнсэлцдэгсэн. "2 хүн яаж ингэж нэг нэгтээ тохирдог байнаа гэж би хааяа боддог юмаа, Ирэнэ" гэж тэр заримдаа хэлнэ.
         Бид ингэж 4 жил амьдарсан юм. Бүтэн 4 жил төгс аз жаргал, ухаангүй дурлал. Тийм их аз жаргал хvн болгоны амьдралд тохиолддог ч юм уу мэдэхгүй. Тэгээд бодохноо одоо би өөрийгөө зовж байна гэж хэлэх эрхтэй эсэхээ бас сайн мэддэггүй юмаа. Би амьдралд асар өндөр үнэ төлсөн нь үнэн ч, амьдрал надад бас агуу их аз жаргалыг бэлэглэж байсныг би мартдаггүй ээ! Миний туулж өнгөрсөн зовлон жаргал 2 ер нь л яг тэнцэх байх....
          Бид 2 нийгмийн амьдралд дахин орж эхэллээ. Хүмүүс бид 2ын жигтэй дурлалыг үзээд магадгүй урьдынхаасаа илүүтэйгээр хүндэлж харьцдаг байсан байх. Гэнри-г хүн болгон л хүндэлж байдаг, хаа сайгvй урьж залдаг болов. Түүний ажлын амжилт ч ахиж, ямартай ч хамгийн сайн инженерүүдийн тоонд зүй ёсоор багтдаг болсон байлаа. Түүн шиг хөгжилтэй сонирхолтой хүнийг зөвхөн мөнгө төгрөггүйгээс нь болоод нийгэм түлхдэггvй юм билээ.
          Ийнхүү өдөр хоног аз жаргалтай өнгөрч байтал тэр явдал болсон юм... Энэ бүхнийг би амьдарч туулсан юм чинь бичиж чадах зориг надаас гарнаа...
          Манай хотод нэгэн шинэ бүсгүй үзэгдэх болов. Түүний нэр нь Клэйр Ван Дален. Тэр нөхрөөсөө салсан Нью-Йорк-д амьдардаг нэгэн байсан бөгөөд Европ-с буцаж явахдаа манай хотод байдаг холын хамаатныдаа зочлохоор ирсэн байлаа. Би хамгийн анх удаа түүнийг бүжгийн үдэшлэг дээр харж билээ. Тэр яг эртний уран баримал шиг уран гоо биетэй, алтан шаргал арьс гал улаан уруултай бүсгүй байж билээ. Хав хар үсээ голуур нь хувааж шулуухнаар самнасан бас урт ээмгийг эвтэйхэн нь аргагүй зүүсэн байлаа. Түүний уян намуухан хөдөлгөөн нь биеийг нь ясгүй мэт харагдуулж, гар нь яг л урт тууз шиг намбалзан харагдаж байв. Тэр маш энгийн хувцасласан боловч тэр л энгийн байдал нь мянган ногооноор ч үнэлэмгүй өвөрмөц байлаа... Тэр үнэхээр гайхалтай үзэсгэлэнтэй бүсгүй байсан юм. Манай хотынхон нөгөө бүсгүйн хөлд гайхал бахархалаа харамгүй шидэлцгээж байв. Аргагүй дээ, бид үнэхээр түүн шиг бүсгүйг урьд хожид харж байсангүй. Тэр бүх хүмүүстэй эелдэг даруухнаар харьцаж байсан ч нүүрэн дээрх хуурамч инээмсэглэл нь бусдын хайр хүндлэлд хэдийнээ дасч бүүр залхах болсныг нь бэлхэнээ харуулна.
        Гэнри түүн рүү харав... удаан гэгч нь тогтууханаар... Урьд нь түүнээс гарч байгаагүй тийм их бишрэл Клэйрийн хөдөлгөөн бүрийг ажиглах түүний харцнаас нь тодхон байсан юм... Тэр 2 хэдэн удаа бүжиглэв.
         Yдэшлэг төгсөхөд нилээд олон залуус түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр яаран сандралдан түүн рүү очив. "За байз би сонгоноо" гэж Клэйр сэтгэл булаам инээмсэглэн хэлэхэд түүний шинэ фенүүдийн нэг нь "Байгаа бүх хүнээс сонго" гэж хашхирав.
        "Байгаа бүх хүнээс ээ?" гэж тэр давтан хэлээд жаахан бодолхийлснээ:
"Тэгвэл би Ноён Стаффордыг сонголоо." гэв. Хэдийгээр Гэнри түүнийг хүргэж өгье гэж хэлээгүй боловч тэр бяцхан гайхав. Гэхдээ ямар үгүй гэлтэй биш... Ноён Барнс намайг гэрт хүргэж ирэв.

         Би Гэнри-г буцаж ирэхэд нь Клэйр-н тухай юу бодож байгааг нь асуулаа Тэр товч бөгөөд тодорхойгоор "Харин тийм. Сонирхолтой л юм" гэж хариулав. Би түүнийг энэ хариултнаас хамаагүй илүүгээр сэтгэл нь хөдөлсөн байсныг харсан боловч нэг их юм бодсонгүй.
       Дараагийн удаа бид үдэшлэгт уригдахад, Гэнри явах ямарч хүсэлгvй байлаа. Тэр ядарчихсан бас нилээд ажилтай байсан юм.
"Ээ, Гэнри явъя л даа. Биднийг хүлээж байгаа шүү дээ. Тэгээд ч тэнд олон хүмүүс байна Харвингс-нхан, Хатагтай Хью, хатагтай Брүүкс, Клэйр, Ноён Барнс гээд л" гэж намайг хэлэхэд тэр гэнэт бодлоо өөрчилж
"Ерөөсөө явъя" гэв.
           Тэр орой Клэйр Гэнри 2 хэнээс ч илүүтэйгээр бүжиглэв. Клэйр нуруу нь ил гарсан даашинз өмссөн байсан бөгөөд би Гэнригийн гар түүний торгон зөөлөн арьсанд үе үе хүрээд байгааг ажиглаж байв. Гэнригийн нүд рүү ямар ч саадгүй ширтэх тэр хар сормууст нүд намайг гайхшруулж билээ. Ширээн дээр хүртэл тэр 2ыг нэг нэгэнд нь ойрхон суулгажээ. Yдэшлэгийг зохион байгуулагчид Клэйрийг баярлуулахийг хүссэн нь тэр байлаа.
       Үүний дараагаар Гэнри Клэйр-н очсон нэг ч үдэшлэгийг алгассангүй. Тэр түүнийг машинаар дагуулан явж, түүний амьдардаг хамаатных руу нь хүртэл утасддаг байв. Хичнээн ажилтай байсан ч хамаагүй тэр Клэйр-н театрт очих орой бүр тэнд очиж амждаг байлаа. Түүний нүдэнд нь догдлолоор дүүрсэн сонин харц байхыг би анзаарсан юм. Харин тэр гэртээ байхдаа ухаан зулаггүй ажиллаж, хаашаа ч юм яараад байдаг байв.
         Би бүгдийг алган дээрээ тавьсан юм шиг харж байв. Тэгээд үхтлээ гайхсанаас биш янзан бүрийн сэжиг төрж байсангүй. Yнэндээ тэр бодол миний толгойд яагаад ч орж ирэхгүй байлаа. Тэгээд л болоо. Тэгснээ Гэнри гэнэт л Клэйр-с хамаг холбоогоо таслав. Тэр гадагш гарахыг ч хүсэхээ байж , бүх урилгануудыг үгүйсгэдэг байв. Тэр гэртээ бүрзийн суух болов... харин тэр бүрзгэр харанхуйн цаана юу байснийг би харж байлаа. Айдас.
         Тэгэхэд л би бүгдийг ойлгосон юм. Түүний өөрийгөө татаж авах гэж оролдож байгаа нь надад үнэндээ ямар ч хамаагүй байлаа. Харин түүний барьц алдаж байгаа байдал нь... Тэр байдал л надад бүгдийг ойлгуулсан юм. Гэхдээ мэдээж тэр дор нь биш л дээ. Иймэрхүү юмс хэзээ ч нэг дор болдоггүй... Хамгийн анх удаа надад сэжиг төрөхөд цус минь царцах шиг болж дотор муухай оргиж байлаа. Дараа нь эргэлзэл... Энэ эргэлзэлийг үгүй болгох гэж хичээсэн нь намайг улам л ихээр зовоосноос нэмэр болсонгүй. Yүний дараагаар түүнийг анхааралтай ажиглаж эхэлсэн. Тэгээд л... Тэгээд л... Явдал учрийг яруу тодоор ойлгосон доо. Гэнри Клэйр-д хайртай болсон байлаа...
          Тиймээ би өөрийнхөө хувь заяагүй 2 гараараа энэ өгүүлбэрийг бичиж байна. Хүний амьдралд ярихад ч хэцүү тийм зүйлс тийм үе гардаг юм билээ. Yүнийг би тэр үед л ойлгосон юм. Тэгэхэд би толгойдоо хамгийн анх удаа буурал үс олж харсан... Дараа нь галзуурал. Би үнэндээ үүнд итгэж чадахгүй байлаа. Би энэ явдалыг болоод байсныг харж байсан ч гэсэн энэ бүгд миний толгой тархинд шингэж орж чадахгүй байлаа. Намайг эргэн тойрсон, над дотор байгаа тэр бүхэн эцэс төгсгөлгүйгээр, хэзээ дуусах нь мэдэгдэхгүйгээр унаж эхлэхийг мэдрэх ямар аймшигтай хэцүү байсан гээч... Би эхэндээ асар тайван байлаа... Аймшигтай тайван. Гэхдээ тэссэнгүй би уйлж эхэллээ. Зарим шөнө аргаа барахдаа би гарнаасаа цус гартал нь хазчихаж байж билээ... Энэ бүх тамын эцэст би тэмцэхээр шийдсээн...           Миний толгой дахь амьдралын дүр зураг тэр чигээрээ солигдож, хүйтэн харанхуй айдас намайг бүрхэн авав. Гэхдээ би хамаг болоод эцсийн хүчээ шавхан бослоо... би "Хүн авааль нөхрөө ингэж амархан явуулчихаж болохгүй" гэж өөртөө хэлсэн. Тэр нэгэн цагт минийх байсан юм чинь дахиад минийх болохыг хэн байг гэхэв. Би түүний сэтгэл зүрхэнд нь яг юу болоод байгааг тодорхой харж байлаа. Эхлээд тэр Клэйр-тэй жаахан сээтэгнэсэн. Мэдээж тэр үед түүний хувьд ямар нэг ноцтой юм бодогдоогүй. Шинэ хүн түүнд сонирхолтой санагдалгүй яахав. Тэр хайр дурлалын тухай зүүдлээ ч үгүй байтал тэр нь аргагүй хүрээд ирсэн. Yүнийг мэдсэн даруйдаа тэр энэ бүгдийг эцэслэхээр шийджээ.
           Ингээд бид 2уулаа тэмцэж эхлэв. Би түүний төлөө, тэр өөрийнхөө эсрэг. Бид 2уулаа удаан гэгч нь тэмцсэн ч... бид чадсангүй ээ! Тэмцэж байсан тэр үедээ тэр хэзээ ч надтай хүйтэн хөндий харьцаж намайг гомдоож байгаагүй. Тэр надтай үргэлжийнхээрээ зөөлөн намуухан харьцаж байв. Би ч баяр баясгалантай байсан бөгөөд... урьд урьдийнхаасаа улам илүү сайхан сэтгэл татам байх гэж оролдож байсан. Гэхдээ би түүнийг нэг ч хором буцааж, сэтгэлийг нь татаж чадаагүй юм даа. Бүх юм дууссан байлаа.
       "Гэнри, 2уулаа энэ үдэшлэг рүү явна аа!" гэж би нэг удаа их л шийдэмгий түүнд хэллээ. Бид 2 сүүлийн үед болсон бүх үдэшлэгний урилгануудыг буцааж байсан юм. Ингээд бид 2 тэр үдэшлэг рүү явлаа. Тэр Клэйр-г тэнд харав. Би ч түүнийг болгоомжтойгоор ажиглав... Yдэшлэгний төгсгөлд бид 2 2уулаа мэдэхийг хүсч байсан юмаа мэдэж авав. Одоо хичнээн ч тэмцээд нэмэргүй болжээ.
         Би тэр шөнө унтсангүй. Би хичнээн хичээсэн ч хоолойг минь ямар нэг юм боочихоод болохгүй байлаа. "Бид 2ын хэн нэг нь энэ тамыг насан туршдаа эдлэх хэрэгтэй болжээ... Харин би юу? Гэнри юү?"... "Тэр зовох ёстой хүн нь би байх болноо... Гэнри л лав биш... Нэг л өдөр тэр надад хамаг юмаа хэлнэ. Тэгээд л би салчихъя. Хэрвээ тэр намайг явуулахгүй гэвэл би тэрэнд урьдынх шигээ их хайртай биш болсон гээд хэлнэ. Харин надад энэ бүгдийг хийх чадал хүч байгаа болов уу?"... Ямар ч гэсэн тэр надтай аз жаргалтай байхаасаа өнгөрчээ...
         Ингээд нэг орой түүнтэй цуг галын хажууд сууж байгаад би өөрийгөө хүчлэн байж "Гэнри, хэрвээ би чамайг хайрлахаа больсон гэвэл чи яах вэ?" гэж асуув. Тэр миний нүд рүү намуухнаар харснаа "Би итгэхгүй ээ!" гэсэн...
         Цаг хугацаа явсаар байсан ч тэр надад үнэний тухай нэг ч үг цухуйлгахгүй байв. Би түүнийг ойлгохгүй байв. Тэр магадгүй намайг өрөвдөж байсан биз, гэхдээ л эрт орой хэзээ нэгэн цагт надад хэлэх л ёстой доо. Тэр маань намуухан чимээгүй хэвээрээ байсан ч би түүний арчаагаа алдаж цөхөрсөн нүд, цонхийж цайсан царайг харахдаа дотор минь муухай болдог байлаа. Ийм их сэтгэл хөдлөл эр хүнд ирэхээрээ хамаг ухаан санааг нь аваад явчихдаг юм. Би түүнийг буруутгахгүй ээ! Тэр дотроо хичнээн их зовж байсан ч ганц ч үг дуугарсангүй. Зүрх зүссэн тэр өдрүүд намайг бас шууд зүгээр орхисонгүй. Тэр юу вэ гэхээр Гералд Греи Англи язгууртан залуу байлаа. 30 эргэм насны, дэгжин, сайхан хувцасладаг, ихэмсэг, эелдэг, сээтэгнэхээс өөр мэргэжил байхгүй тэр залуу манай хотод зочилж ирсэн байлаа. Манай хотын олон бүсгүйчүүд түүнд дурласан байсан юмдаг. Харин тэр яагаад надад тэгж их татагдаад байсныг нь би мэдэхгүй ч тэр дургүйцлийг минь үл ойшоон над руу залгаж ярилцах гэж оролдсоор байлаа. Өглөө сэрэх бүртээ одоо л Гэнри-н үгийг дуулах болов уу гэж горьдсоор босч ирдэг байсан тэр өдрүүдэд надад тэр залуу бас л нэг ачаа болж байлаа.
          Би Гэнри-г тэр тухайгаа ярих болов уу гэж удаан хүлээсэн. Гэвч тэр юу ч хэлсэнгүй. Клэйр Гэнри-тэй уулзах бүх нүх сүвийг хайж эрэлхийлж байсан боловч тэр Клэйр-тэй уулзаж болох бүх л боломжуудаас зайлсхийж байлаа. Манайх гэдэг айл үдэшлэгний урилганд дарагддаг байсан. Эцэст нь Клэйр өөрийн гараар тусгай урилга Гэнри руу явуулсан байсан боловч Гэнри зөвшөөрөөгүй. Ингэж байтал нэгэн өдөр би бүхнийг ойлгосон юм. Тэр л өдөр би өөрийнхөө хувь заяаг шийдсэн...
        Би нэг үдэшлэг руу ганцаараа явлаа. Мэдээжийн хэрэг Гэнри ажиллах ёстой гэж шалтаглан, муухай царайлаад гэртээ үлдсэн. Харин би үдэшлэгийг зохион байгуулж байсан дотно хүмүүсээ гомдоохгүйн тулд явахаар шийдсэн юм. Гэхдээ тэр үдэшлэг надад ёстой там шиг санагдаж байлаа. Явахад тохиромжтой цагийг хүлээн суух гэдэг тэвчээрийг минь шалгасан хэрэг байв. Гэхдээ тэр үдэшлэг рүү явсандаа би хэзээ ч харамсдаггүй...
          Би өрөөг голуур нь хуваасан гоёмсог хөшигний хажуугаар өнгөрөхдөө Хатагтай Хью Хатагтай Броган 2ыг ярьж байхыг санамсаргүй сонсчихов. Тэд Гэнри, Клэйр, бас миний тухай ярьж байлаа.
       Иринэ түүний төлөө тийм ихийг төлсөн юм чинь яахав дээ. Гэнри одоо түүнийг орхиж явж болохгүй шүү дээ гэж хатагтай Хью хэлж байна.
        Би ч гэсэн тэгж бодож байна. Иринэ чинь үндсэндээ авааль нөхрөө худалдаж авсан юм шүү дээ. Гэнри одоо үхэх гэж байсан ч түүнийгээ үзүүлэх эрх түүнд байхгvй шдээ гэж хатагтай Броган хатагтай Хью-г дэмжих нь тэр... Би барьж байсан алчуураараа амаа таглав... Би одоо л учрыг ойлголоо... Би ганцаараа гэр лүүгээ алхав... Би нөхрөө худалдаж авсан... Авааль нөхрөө эд бараа шигээр худалдаж авчээ, би. Yүнд л хамаг учир нь байж. Тэр одоо намайг орхиж явж ч чадахгүй.. надад энэ тухай хэзээ ч ам нээхгүй... Тэр зовлонгоо өөртөө л хадгалах болно... Тэр надтай жаргалтай байхаасаа нэгэнт өнгөрсөн ч гэсэн насан туршдаа юу ч болоогүй юм шиг явах болно... Миний мөнгөнөөс болж... Хэрвээ тэр ярихгvй юм бол би ярих учиртай...
          Хэрвээ тэр мөнгө миний амьдралд байхгүй байсан бол би үүнийг хийхгүй байсан биз. Магадгvй би үргэлжлүүлэн тэмцэж Гэнригээ буцааж авах байсан байх. Гэхдээ одоо бүгдийг мэдсэн хойно- би чадахгүй ээ! Надад тэгэх зүрх байсангүй. Тэр хэзээ нэгэн цаг наддаа сэтгэлээрээ буцаж ирсэн ч гэсэн би түүнийг надад хайртайдаа буцсан уу эсвэл миний өөрийнх нь төлөө золиосолсон бүхэнд талархан буцсан уу гэдгийг яаж мэдэх билээ дээ... Тэр миний мөнгөний аолиос нь болж байгаа эсэхийг би хэзээ ч мэдэхгүй болжээ...
Би түүнийг сайн дураараа чөлөөлөх ёстой... яагаад гэвэл тэр надад дэндүү их өртэй учраас... Би түүний төлөө хэтэрхий ихийг золиослох чадалтай байсан учраас би нөхрийгөө хадгалж явах эрхгүй болсон байлаа.
        Би ямар ч гэсэн хөдлөх хэрэгтэй. Яах вэ? Салая гэх үү? Тэр мэдээж хvлээж авахгүй... Түүнд хайргүй гэж хэлэх үү? Бүүр үнэмшихгүй...
         Малгайгаа толгой дээрээ байлгаж тэсэхээ болиод авахад бяцхан бороон дуслууд духан дээр минь үнсэж, зөөлөн салхи үсийг минь илбэж байлаа... Би шийдэв... Ямар ч гэсэн зүрхэн дээрээс нэг юмыг аваад хаячих шиг болов.
         Байшиндаа дөхөж очоод харвал Гэнри-гийн ажлын өрөөний гэрэл асаалттай харагдав. Би түүнд садаа болохгүйн тулд чимээгүйхэн гэртээ орж, түүний өрөөний  хажуугаар өнгөрөхдөө зүрхийг минь зүссэн тэр нэгэн дууг сонсов... Чихэндээ итгээгүй би гэдэг хүн өрөөнийх нь хаалгаар харлаа... Гэнри ширээн дээрээ сууж толгойгоо базлан уйлж байлаа. Над руу харсан байсан нуруу нь гүн харуусалаар дүүрэн нулимсыг нь гүйцээж чичрэн байв. Би хаалганаас ухасхийн холдохдоо ухаан санаагаа алдчихсан мэт болсон байлаа. .. Гэнри уйлжээ...
"... Гэнри одоо үхэх гэж байсан ч түүнийгээ үзүүлэх эрх одоо түүнд байхгүй шдээ..."
      Би өөрийнхөө юу хийх ёстойг сайн мэдэж байлаа. Тэр намайг өөрт нь хайргүй болсонд үнэмшихгүй тэхээр би түүнд ямар нэгэн аргаар үнэмшүүлэх л хэрэгтэй.
Би өрөө рүүгээ айдас хүйдэс, цөхрөл гунигаа дааж ядан орлоо. Өглөө нь харин сэрэхэд сэтгэл нэг л тайван... Тэр шөнө юуны тухай бодож хоносноо би энэ хорвоо дээр нэг ч амьд хүнд ярихгүй.
"Иринэ, Юу болоо вэ?" гэж Гэнри өглөө нүд рүү минь харангаа асуув.
"Юу ч болоогүй ээ!" гэж би хариуллаа. "Онцгvй зүүд зүүдлээд... гэхдээ одоо дуусчихсан учраас санаа зоволтгүй" гэж би хэллээ. Миний тэр үед бодож чадах ганцхан зүйл гэвэл би Гэнри-д өөрийнхөө худал хуурмаг гэдгийг үзүүлэх боломж олох тухай л байв. Түүнийг ямар ч эргэлзээгүй болгох хэрэгтэй... Тэр боломж яг тэр өдөр хүрч ирсэн юм...
Гадуур явж байгаад гэртээ буцаж ирэхдээ, Гэнри-гийн ажлын өрөөнөөс Клэйрийн дууг сонсов. Би гайхсангүй. Би хаалганд дөхөж очин түлхүүрний нүхээр нь тэднийг харж юу ярихыг нь тайвнаар сонсов. Сайхан шаргал хослол дээр тод ногоон алчуур тавьсан Клэйр-г би харсаан. Тэр үнэхээр дэндүү үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
        Гэнри "Дахиад нэг удаа хэлье. Хатагтай Клэйр та манай гэрээс гарна уу! Би таныг харах ямар ч хүсэл алга. Та ойлгохгүй байна гэж үү?" гэх нь дуулдана.
"Yгүй би ойлгохгүй байна" гэж Клэйр чангаар хэлэв. Тэгснээ Гэнри рүү хөөрхөн нүдээ жижигхэн болгон хараад "Чи муу хулчгар новш" гэж удаахнаар хэллээ.
       Гэнри Клэйрийг ширтэн хэсэг зогссоноо түүн рүү нэг алхам ойртов. Түүний цайж цонхийсон нүүрнээс нь ялгаран харагдах уруул нь хаалганы нүхээр харж буй надад хүртэл харагдахаар чичирч байлаа.
"Яв даа!" гэж тэр хачин хахирган дуугаар шивнэв. Тэгэхэд нь Клэйр нүдээ том болгон бүрэн нээхэд, түүний өөрөөсөө хүртэл нуух гэж ядсан хүслэн, омог бас асар эмзэг сэтгэл нь харагдаж байлаа.
      "Гэнри..." гэж хэлэхэд түүний хоолой нь яагаад ч юм бие шигээ үзэсгэлэнтэй сонсогдоно.
"Хатагтай Клэйр..." гэж Гэнри арай ядан хэлээд хойш ухрав.
Клэйр түүн рүү дөхөнгөө "Гэнри... Чи ингэж 2 биенээ зовоох ямар хэрэг байгаа юм бэ?... Би чамд хайртай... Чамтай л байхыг хүсч байна" гэж хэлж байна. Гэнри үг ч дуугарах сөхөөгүй байхыг харсан Клэйр дуугаа өндөрсгөн муухан инээмсэглэж "Чи надад хайртай гэдгийг бид 2 2уулаа сайнаас сайн мэдэж байгаа шдээ. Чи арай үгүй гэхгүй биз дээ?" гэж хэлэв.
         Гэнригийн нүдэнд зовлон тарчлал илээс ил харагдаж байхыг нь би удаан харж тэсэмгvй байлаа. тэр ч үүнийгээ мэдээд нүдээ гараараа таглав.
"Чи энд яах гэж ирсэн юм бэ???"
"Яагаад гэвэл би чамд хайртай... чамтай хамт байхыг юунаас ч илүү хүсч байна." гэж Клэйр хэлээд Гэнригийн мөрөн дээр нь гараа тавьж "Надад чи хайртай биз дээ" гэж шивнэн асуув.
        "Тиймээ... тийм... тиймээ!" гэж Гэнри чангаар хэлээд Клэйрийг галзуурсан мэт татан ойртуулж уруул дээр нь озон озон үнслээ. Би гайхсангүй. Надад бүх юм урьд нь болж байсан юм шиг л санагдав. Харин Гэнрийг өөр бүсгүй үнсэхийг харах... хэцvv байсан учраас би нүдээ аньсан... Тэгээд л болоо...
         "Ингэж хэлэхийг чинь ямар их хүлээв ээ, би!" гэж Клэйр эцэст нь хэлээд Гэнрийг чангаар тэврэв. Магадгүй хүсч байснаасаа ч чангаар тэвэрсэн байх. гэтэл Гэнри гэнэт Клэйрийг шийдэмгийгээр түлхээд...
     "Чи бид хоёр дахиж уулзаж болохгүй..." гэж хатуухан өнгөөр хэлэв.
"Yгүй дээ... хонгор минь чи бид 2 өнөө орой уулзана...Орой 9 цагт би чамайг Холтос-т хүлээж байя."
"Би ирэхгүй ээ!"
"Чи мэдээж ирнэ."
"яасан ч үгүй... хэзээ ч..."
"Чамаас гуйж байна шдээ Гэнри... есөн цагт!" гэж Клэйр хэлээд өрөөнөөс гарч явлаа. Би дөнгөж л хөшигний ардуур орж амжив. Клэйрийг явсаны дараа би Гэнригийн өрөө рүү шагайвал Гэнри сандал дээрээ толгойгоо базлан сул ойчсон байдалтай харагдана. Yсээ зогсоо зайгүй зулгаан байгаа хуруунуудаас нь би Гэнрийг хичнээн их зовж байгааг харж байлаа...
Ингээд надад боломж гарч ирлээ... Одоо л хөдлөх хэрэгтэй..
       Би өрөөндөө очиж малгай,цуваа тайвнаар тайлав. Би өрөөнөөсөө гарч шатаар уруудан Гэнри рүү явах гэж байснаа гэнэт зогтусав. "Чи мэдэж байна уу?хэнийг алдах гэж байгаагаа мэдэж байна уу, Иринэ?" гэж би өөртөө хэлээд гүн амьсгаа авлаа...
        Ширээн дээр минь Гэнригийн нэг зураг байдаг байсан юм... Түүний хамгийн сайхан гарсан зураг... Харин ард талд нь "Хайрт Иринэдээ. Гэнри. Yүрд мөнх" гэж бичсэн байдаг байлаа. Би зурганд хүрч очоод, газар өвдөглөн сууж түүнийхээ зургийг удаан гэгч нь ширтэж залбирсан. Түүндээ мөргөсөн..."Гэнри... Гэнри..." гэж би шивнэхээс өөрийг хэлэх чадал надад үнэндээ байсангүй. Надад төлөвлөсөн бүхнийг хийх хүч чадал хайрлаач гэж би түүнээс гуйж билээ.
  Хэсэг хугацааны дараа би босч доод давхар луу явав.
     "Гэнри. Надад Хатагтай Кован захиа хүргүүлсэн байна. Өвдсөн гэнээ. Би оччихоод ирье." гэж түүний өрөөнд орж хэлчихээд гарлаа. Хатагтай Кован гэдэг нь миний бүүр дээрний нэг танил, манай хотоос 4 цагийн зайд амьдардаг бүсгүй. Би хааяахан очиж хуучилдаг байсан юм.
       "Би чамайг явуулмааргүй байна. Чи бүүр цонхийгоод ядарчихаж... амрах хэрэгтэй" гэж Гэнри ер юу ч болоогүй юм шиг духан дээр минь гараа зөөлхөн тавьж хэлэв.
       "Миний бие маш сайн байна. Би явчихаад маргааш өглөө хүрээд ирнэ."
Би өрөөндөө утастай байсан учраас Гэнри миний ярихыг сонсож чадахгүй байх байв. Долоон цагийн үед би Гералд Грэй руу залгаж товч бөгөөд тодорхойгоор "Та 8.30д Холтосд хүрээд ирэхгүй юу?" гэж хэлсэн юм.
"Ю... Юу гэнээ? Ох, Хатагтай Стаффорд!" гэж гэнэтийн бэлэгт баярласан тэрээр барьц алдан сандран хэлж байна. Би ч олон долоон юм ярьсангүй утсаа тавилаа... Миний төлөвлөгөө маш хялбар. Гэнри 9 цагт Холтос-д Клэйр-тэй уулзахааар ирнэ. Тэгээд Грэй бид хоёрыг харна. Би шөнөжөнгөө байхгүй байна гэж хэлсэн болохоор тэр хараад уурлана. Тэгээд л тэр.
          Би тайвнаар хувцаслаж эхлэв. Би маш нямбай сайхан хувцаслахыг бодож хамаг тавгүй бодлоо гээхийг хүсч байлаа. Гялалзсан жижигхэн хиймэл чулуунуудтай, мөнгөлөг өнгөтэй даавуун даашинзаа өмсөж, нүүрээ будав. Би хөөрхөн харагдахыг хүсч байлаа: гэхдээ тэгэхийн тулд маш их будаг шунх хэрэглэх хэрэг гарч билээ. Ингээд сууж байтал гэнэт толгойд минь "хэрвээ Гэнри Холтосд ирэхгүй бол яах вэ? Тэр "Яасан ч үгүй гэж их л шийдэмгий хэлсэн шүү дээ. Тэр Клэйрийг эсэргүүцэж дөнгөх тийм их сэтгэлийн тэнхээтэй байвал яахав..." гэсэн бодол зурсхийн орж ирэв.
       Энэхүү гэгээн бодолд цочсондоо би гартаа барьж байсан энгэсэгний шаазан хайрцагаа газар алдаад хагалчихав. "Хэрвээ.. хэрвээ тэр ирэхгүй бол, тэр Клэйрт тийм ч их хайртай биш гэсэн үг. Тэгвэл би гэр лүүгээ хамаг эрчээрээ гүйж ирээд түүнийгээ тэврэн хамаг үнэнээ уйлан байж хэлнэ дээ." Ингэж бодоход өчигдөрөөс хойш хуурай байсан нүд маань том том дуслуудаар дүүрч зарим нь хацар даган урсав. Гайхалтай хэрэг шүү... Хүн итгэлээ алдаж, цөхрөнгөө барсан үед итгэл найдвар өчүүхэн төдий сүүмэлзэхэд сэтгэл хамгийн хэцүүгээр зовдог юм билээ.
Би тайван байхыг хичээж хувцасаа өмсөж эхлэв. гар минь учиргүй чичирч байсан учраас хувцасаа өмсөх гэдэг амаргүй даваа байлаа. Хувцаслаж дуусчихаад аялалын том цуваа нөмөрч үдшийнхээ даашинзыг нуув. Гарч явахад минь Гэнри өрөөнөөсөө гарч ирэн цувны маань захыг чанга гэгч нь товчилж өгөөд, "Анхааралтай яваарай! Битгий хамаагүй ядарчихаарай, Иринэ минь"
гэж хэлж билээ.
"Санаа зоволтгүй Гэнри. Би зүгээр..." гээд би түүнийгээ үнссэн. хамгийн сүүлчийн удаа...
Ингээд л би гарч явсан... Харанхуй гудамжаар ганцаараа алхаж явахад хүйтэн салхи цувны минь доогуур гулгаж нүцгэн мөрөнд минь хүрч байсаан... Зөөлхөн даавуу хөлийг маань илбэхэд би толгой дээгүүр,эгц алхах гэж байдгаараа хичээж байсан юм.
          Холтос гэдэг нь манай хотын хамгийн том шөнийн клуб байлаа. Нэг их муу нэртэй газар биш байсан ч гэсэн яагаад ч юм хүүхнүүд нэг бол нөхөртэйгээ ирдэг эсвэл бүүр ирдэггүй байсан юм...
        Би ХОЛТОС хэмээх нэрийг бүтээсэн том том гэрэлт үсэгнүүдийг харав. Хэтэрхий их гэрэл нь бараг л нүд өвтгөмөөр санагдаж байж билээ. Yүдээр нь орж дээд давхарт гарав. Зөөлөн хивсэнцэр дээр нь хүн өөрөө өөрийнхөө хөлийн чимээг сонсох ч янзгүй. Хэтэрхий гял цал болсон үйлчлэгчдийнх нь гялгар хувцаснууд нь алмаз эрдэнэ шиг хуурамчаар гялалзана. Төв танхимд нь орж ирэв үү үгүй юү жазз хөгжмийн хурц аялгуу толгой дотор минь шургаад орчих шиг л болов. Том том гэрэл үүсгүүрүүд... цагаан ширээнүүд... хар костюм... нүцгэн мөр... гялалзсан шил... торгон хэрэглэл... алмаз чулуу...
          Ноён Грэй намайг хүлээж байлаа. Тэр яг л дээд зэрэглэлийн эрэгтэйчүүдийн сэтгүүл дээр гардаг гял цал зураг шиг өнгөлөг харагдаж байв. Мэдээж хүнтэй харьцаж сурсан эр гэсэндээ сэтгэл хөдлөл юм уу гайхсан ямар ч шинж тэмдэг үзүүлсэнгүй, эелдэг бөгөөд хүндэтгэлтэйгээр инээмсэглэсээр. Би ширээ сонгохдоо үүдээр орж гарч байгаа хүмүүсийг харж болох газрыг бодолцож сонгов. Ширээн дээр очоод үүд ширтэж суухад бүх юмсыг бүдэгхэн үүлэн хөшиг бүрхсэн мэт санагдаж байсан юм. Бүх юмс манаран тунарч байхад ганцхан цэнгээний газрын хаалга л томруулдаг шилээр харж байгаа мэт тодоос тод харагдана. Одоо хүртэл.
          Миний санаж байгаагаар Ноён грэй нэг юмны тухай л яриад байсан. Би бас ярьсан. Тэр инээмсэглээд л. Би бас инээмсэглэсэн байх. Хаалганы яг дээд талд нь том цаг байсан юм. Намайг Холтос-д хүрч ирэхэд цаг 8.30 болж байсан. Би тэр цагийг ширтэж цаг аажуухнаар явсаар байсан. Хэрвээ яг тэр үед хэн нэг нь миний сэтгэл рүү өнгийсөн бол том цагаан дугираг 2 зүүнээс өөр юүг ч олж харахгүй байсан байх даа.
        Яг 9 цагт, хормыг заагч зүү 12 тоог шүргэв үү үгүй юу том шилэн хаалга онгойв. Яг л миний хvлээж байснаар. Гэхдээ орж ирсэн хүн нь Гэнри биш Клэйр байлаа. Тэр ганцаараа орж ирэв. Цул хар өнгөтэй сатин даашинз нь түүний биеийг зөөлнөөр ороожээ... толгой дээрээ тавьсан гоёмсог алмазан зүүлт нь гялалзаж, сайхан мөрөн дээгүүр нь гялалзах чулуунууд гүйх нь дуу алдмаар үзэсгэлэнтэй... Клэйр орж ирмэгцээ тээнгэлзэж танхимыг тэр чигт нь гүйлгэн харав. Гэнриг ирээгүйг мэдмэгцээ уруул нь уураа дааж ядсан бололтой чичирч байна. Гэвч яая гэхэв тэр танхимыг туулаад нэг ширээнд очиж суув. Түүний суусан ширээ нь миний байрлалаас сайн харагдаж байлаа.
           9.15... Том шилэн хаалга онгойх нь улам л олширч костюмтай залуус эрчүүд, үслэг эдлэл даашинз болсон хүүхнүүд чимээгүйхэн орж ирж шуугилдах олонтой нийлж байв. Би хаалганы өмнө дэвссэн зөөлөн хивсэн дээгүүр эцэсгүй мэт урсах ширэн гутал, мөнгөлөг шаахайнуудын урсгалыг ширтэж суулаа. Ядаж байхад ямар олон хүн орж гарсан гэж бодноо тэр хаалгаар. Хаалга нээгдэхийг сонсох бүрт минь хүйтэн айдас нуруу руу минь шургаж өвдөг рүү маань урсаж байлаа. Гэвч би хаалга руу харалгүй нэг ч хором сууж чадаагүй юм. "Болгоомжтой, Хатагтай Стаффорд" гэж Грэйн хэлэх нь зүүд зэрэглээ шиг хол сонсогдов. Учир нь би барьж байсан усаа даашинз руугаа асгачихаж. Би гэхдээ тоосон ч үгүй аяган дах мөснөөс нэгийг авч ам руугаа хийлээ. Грэй над руу гайхал дүүрсэн нүдээр харж байсан юм.           9.25. Өвдөг маань гэм хийсэн хүнийх шиг чичирч байв. Хэтэрхий их чичирснээс болоод дахиж хэзээ ч алхаж чадахгүй болчихмоор юм шиг санагдаж байж билээ, тэр үед. Би нууцхан Клэйр рүү харав. тэр бас л хүлээсээр байлаа. Түүний нүд нь бас л хаалган дээр хадаастай. Ширээн дээр байсан цэцгийн дэлбээг тасдан хаях нь түүнийг хичнээн их санаа зовж байгааг харуулж байлаа.
         9.30. Би тэвдэж байсандаа тэр юм уу, эсвэл тэнд байсан жазз хөгжим тэгж хүнд дуулдаж байсан уу толгой руу маань хүнд зүйлээр зогсоо зайгүй нүдэж байгаа юм шиг санагдаж байв. Бүгчимдэж, бачимдсан сэтгэл минь агаар муу танхимын аяыг даалгүй боочихмоор санагдаж би хүйтэн гараараа хоолойгоо барьж суулаа.
        9.45-д тэр ирсэн юм. Хаалга нээгдэж, тэр орж ирэв. Яг л тэр хоромд Гэнри агаарт өлгөгдчихсөн юм шиг санагдаж байлаа. эргэн тойронд юу ч байхгүй юм шиг... Би хаалгыг харж байсан боловч яг урд нь зогсож байгаа Гэнриг л харж чадахгүй байлаа. Тэр харанхуй нүх мэт надад харагдаж байв. Дараагийн хоромд нь би юүг ч сонсоогүй юм. Чих минь таг дүлий болсон мэт чив чимээгүй намайг нэг хором бүрхэв.
         Энэ мөчид би арай гэж сэхээ аван Грэй-д "жаахан хөгжилдөе л дөө" гэж хэлэв. Би түүний хүзүүгээр нь тэвэрч, мөрөнд нь нүүрээ наагаад костюмных нь захыг чангаар хазав. Тэр үед би ганц л юм өөртөө хэлж байсан нь "Иринэ хэтэрхий чанга хашхирч болохгүй"...
         Грэй хаалга руу биш над руу харж сууж байсан болохоор Гэнри-г орж ирэхийг харсангүй, учрыг ч ойлгосонгүй гайхаж дууссан нүдээр над руу харж суув. Гэхдээ жинхэнэ эр хүний зангаар тэр өөртөө итгэлтэй загнаж үсэнд маань гараа хүргэхийг хүртэл оролдож байлаа.
         Би толгойгоо түүн рүү харж байсан ч нүүрэндээ ямар ч хувирал гаргахгүйг хичээж байсан юм. Гэхдээ нүд маань бүхнээ нууж дөнгөсөнгүй бололтой... Грэй миний нүд рүү хараад бараг л дуу алдах дөхөж байгаа нь илт. Би салга хүн шиг гартаа барьсан жүнзээ чичрvvлэн байж "Грэй, дарс хаана байнаа. Би дарс уумаар байна. яагаад энд дарс байхгүй байгаа юм" гэж хашгичив. Намайг уурлуулаад дэмийг ойлгосон Грэй үйлчлэгчийг дуудаж чихэнд нь нэг зүйл шивнэхэд үйлчлэгч инээмсэглэчихээд яваад өглөө.

           Би энэ бүхний хажуугаар Гэнриг ажигласаар байлаа. тэр Клэйр дээр хүрч очив. Клэйр хэтэрхий их баяраар дүүрч байгаа бололтой сандал дээрээсээ үсрэн бууж жаргалтайгаар инээмсэглэсэн. Тэр Гэнри-г ирэхгүй нь гэж сандарч байсан бололтой түүнийг хоцорсон тухай нэг ч үг хэлсэнгүй. Харин Гэнри цонхийж цайсан ноцтой царайгаа нууж чадалгүй зогсоно. Тэр хоцорсон нь надад бүгдийг урьдынхаас ч тодоор хэлж өгч байлаа. Гэнри ирэхгүй байх гэж их тэмцжээ... Yнэхээр их... Гэвч тэр тэссэнгүй юм байж... Гэнри Клэйрийн ширээнд очиж суув. Түүний нүдэнд унтрашгүй их баярын оч гялалзаж, инээмсэглэнэ... Ямар үзэсгэлэнтэй сайхан харагдаж байснаа тэр хэзээ ч мэдэхгүй ээ...
Зөөгч надад дарс авчирч өгөв. Бүүр 2 шилийг. Грэй нэг шилийг нь авч шилэн аяганд цутгах гэсэн боловч би Грэй-ийн гараас дарсыг нь булаан авч өмнөө байсан шилэн аяганд хийхдээ цvл пал хийлгэн асгаж даашинзан дээрээ хүртэл цутгачихав. Тэгээд нөгөө дүүрэн аягаа авч газар унагалаа. Шил хагарах чанга дуутай нийлүүлэн би чангаар инээж эхэллээ.
Грэй бүүр амаа ангайчихсан зогсож харагдана. "Инээ. чангаар хөхрөн инээ" гэж би Грэйд тулган хэлэв. Бидний ойр сууж байсан хүмүүс хэн тэр бүдүүлэг дуу гаргаад байгааг сонирхон эргэн эргэн харсаар байлаа. Яг л миний хүссэнээр.
Би үсээ задлан сэгсийлгэж, бүүр сүүлдээ шилтэй дарсыг газар чулуудлаа. Хамаг чангаараа инээж "Ох Грэй минь"гэснээ энэ маань хангалттай санагдсангүй сандалаасаа босч Грэй-н өвөр дээр нь сууж тэврэн үнсэж буй мэтээр нүүрээ нүүрэн дээр нь наалаа. Ингэхдээ нь хажуудаа байсан хиймэл ханыг түлхэн унагав. Бүхэл танхим тэр чигээрээ эргэн харахад би ичиж буй царай гарган босох тэр агшинд Гэнритэй нүүр туллаа. Би над руу харж байсан түүний нүдийг хэзээ ч мартахгүй... Бид 2 чимээгүй байлаа. "Иринэ... Иринэ" гэж тэр итгэж ядан шивнэж байв.
         Би айж ичиж байгаа хүний дүрийг гаргах гэж хичээж байснаа толгойгоо өргөн огт тоогоогүй царай гаргаж "Тэгээд?" гэж хэллээ. Гэнри хойшоо ухрав. Тэгээд чичирсэн. Тэр нүдэндээ итгэхгүй байгаа бололтой хэсэг дарж байснаа "Би чамд саад болохгүй ээ!" гэж хэлээд Клэйр рүү яваад өгөв. "Өөр газар луу явъя Клэйр" гэж тэр Клэйр-т хэлж байна. Клэйр ч босч тэр 2 гараад явчихав. Би тэр 2ыг шилэн хаалгаар харагдахгүй болтол нь дагуулан харж билээ... Тэгээд л бүх юм дууссан...
          Би тэднийг явсны дараа асар тайван болж билээ. Би Грэй рүү эргэхэд тэр миний унагасан хиймэл ханыг босгож тавьж байлаа. Тэгээд "Хатагтай Стаффорд, битгий өөрийгөө зэмлэ дээ. Энэ нь ч дээр байсан биз." гэж хэлсэн.
        "Тийм ээ, Грэй, ингэсэн нь ч дээр байсан юм" гэж би чимээгүйхэн хэлсэн.
Бид 2 буцаж ширээндээ суун, чимээгүйхнээр хоолоо идэж дуусгалаа. Миний бүх ухаан санаа тогтуун тайван байлаа. Би инээмсэглэн ярьж хажуугаар нь зөөлхөн сээтэгнэж байсан тул Грэй нөгөө ичгэвтэр явдалын тухай нэг их санаа зовж байгаа янзгүй сууна. 10.30-ын үед би түүнийг гэрт маань хүргэж өгөхийг хүслээ. Тэр ингэж түргэн салах болсондоо сэтгэл дундуур байгаа нь илт боловч юм хэлсэнгүй эелдэгээр машиндаа суулган намайг гэрт маань хүргэж ирлээ. "2уулаа удахгүй дахиж уулзана биз дээ?" гэж гэрийн үүдэнд ирчихээд гарыг маань атган байж асуув. "Тэгэлгүй яахав. Тун удахгүй... ойр ойрхон уулзах болно." гэж намайг хариулахаад Грэй баяр хөөрөөр дүүрч яваад өгөв.
... Би гэртээ орж ирлээ. Хичнээн ч удсан юм бүү мэд ямар ч гэсэн би хөдлөлгүй удаан зогсов... Бүх юм нэгэнт ард хоцорчээ.
Би Гэнри-н ажлын өрөөнд нь орлоо. Газар хэвтэх хэдэн цаасыг авч ширээн дээр , өрөөний голд тавьсан сандалыг байранд нь тавив. Буйдан дээрхи дэрнүүдийг засч дараа нь Гэнри-н ширээн дээрх зураг төсөл гэх мэт зүйлсийг янзлав. Түүний шугам, гортиг, бусад хэрэглэл нь газраар нэг тарж. Би тэр бүгдийг нь ширээн дээр нь тавиад зууханд гал асаалаа. ингэж хамгийн сүүлчийн удаа гэртээ эхнэр шиг байлаа би.
           Бүх юмыг янзалж дуусаад. би галын дэргэд очиж газар суув. Зуухны хажууд байдаг Гэнри-н түшлэгтэй сандал , хөлөө тавьдаг дэрийг нь баахан харж суулаа. Сандал дээр нь сууж зүрхлээгүй учраас, хөлнийх нь дэрэн дээр толгойгоо тавьж харанхуйг бүдэг улаан гэрлээрээ, чимээгүйг дуугаараа үргээх галыг ширтэн хэвтэв. Байн байн тэр дэрийг vнсэж байснаа би санаж байна....
          Yүдний өрөөнд түлхүүр шажигнах дуу гарахад би хурдхан босч, үүдний өрөө рүү очив. Гэнри цонхийчхоод зогсож байна. Над руу харсан ч үгүй, хувцасаа тайлж өлгүүрт өлгөөд хажуугаар минь зөрөн ажлынхаа өрөө руу явлаа. Би ч дагалаа.
Бид өрөөнд орсны дараагаар чимээгүйхэн удаан зогссоны эцэст тэр хүйтэн хөшvvнээр:
"Чи надад ямар нэг юм тайлбарлах уу?"
"Надад тайлбарлаад байх юм байхгүй ээ! Чи бүгдийг нь харсан."
"Тиймээ би харсан..."
Тэр өрөөг өгсөж уруудаж хэсэг байснаа над руу харан үзэн ядалт, гутамшиг дүүрэн инээмсэглэлээр инээмсэглээд "Гэхдээ энэ чинь сайн хэрэг!" гэж хэлэв. Намайг юу ч хэлэхгүй байгаад тэр улам улангасч "Чи... чи... яаж ингэж чадаваа" гэж хамаг чангаараа хашгирав. Би чимээгүй л байв.
"Чам шиг эмийг би 4 жилийн турш эхнэрээ гэж дууджээ. Чи намайг бүүр галзууруулах нь Ийм юм байж хэрхэвч болохгүй. Энэ бол чи биш. Чи ийм байгаагүй шүү дээ. Чи ийм юм хийж чадахгүй." Би юу ч хэлсэнгүй.
тэр гараас минь зууран авч намайг газар луу түлхээд "Чи новш минь. Яриач. Хэлээч!  Хариулаадах надад.Яагаад чи ингэж байгаа юм бэ?"
-Би түүний нүд рүү нь харж байгаад хамгийн гашуун худлыг түүндээ хэллээ. "Би чамайг гомдоохыг үнэхээр хүсээгvй учраас энэ хайраа удаан нууж явсан. Би удаан хичээсэн боловч үнэхээр тэсч чадаагүй." гэж би хэлсэн. Тэр намайг юуны тухай ярьж байгааг сайнаас сайн ойлгосон. Тэр гарыг маань тавьж хойшоогоо ухрав. тэгснээ инээв. "Тэгвэл би чамайг баярлуулах уу, Иринэ? Би чамд огтоос ч хайргүй шдээ. Чамайг ийм юм хийсэнд гомдох ч үгүй байна. Би өөр эмэгтэйд хайртай. Би үнэндээ баярлаж байна". гэж тэр хэллээ.
"Чи баярлаж байна уу? Гэнри?"
"Yнэхээр ихээр баярлаж байна. Гэхдээ чамайг нэг их баяртай биш байгааг чинь би харж байна л даа."
"Yгүй дээ Гэнри, Би сэтгэл дундуур биш байна. Бүх юм зүгээр."
"Нээрэн үү? за за газар хэвтээд байлгүй босч үз дээ." гэж хэлээд тэр дахиад өрөөг тойрон холхиж эхэлснээ "над руу битгий хар! Чи над руу харах ч эрх байхгүй шүү! Би хориглож байна." гэж хашгирав. Би толгой унжуулж "би харахгүй ээ Гэнри" гэж хэлэв.
         "Yгүй чи харах болно. Чи өөрийгөө харах болно." гэж Гэнри хамаг чангаараа хашхираад гараас минь татан намайг том шилэн хаалгатай тавиурын өмнө аваачив. "Даашинзаа хар даа чи!". Хар улаан өнгөтөй дарс мөнгөлөг даашинзыг минь бүрхэн урсчээ.
"Чи тэрэнд хайртай болсон, чи түүнтэй явсан, одоо яая гэхэв. Гэтэл энэ дарс, энэ үнсэлтүүд, тэр олон нийтийн газар биеэ авч явж байгаа байдал..." Би юу ч хэлсэнгүй. Миний төлөвлөгөө бүтэмжтэй болжээ.
Гэнри ч хэсэг дуугүй суусны эцэст тайван боловч хүйтэн өнгөөр
"Чи одоо бид 2ын хооронд юу ч байхгүй гэдгийг ойлгож ав! Угаасаа тийм юм хэзээ ч болоогүй байсан нь дээр байсан юм. Чи ч би ч чиний нөхөр байсныг мартах хэрэгтэй. Тийм учраас надаас чамд хадгалагддаг юм бүхнийг чи надад буцааж өг! мэд ээ!" гэж хэлэв.
"Би одоо өгнөө, Гэнри."
Би дээшээ өрөө рүүгээ явж бүх зүйлсийг авчрав, түүний зурагнууд, түүний бэлэгнүүд, хэдэн захиа гээд л миний түүнээс авсан бүх юмс. Тэр миний авчирч өгсөн бүх юмсыг аваад гал руу шидчихэв.
"Би энийг авч үлдэж болох уу?" гэж би түүний хамгийн сайхан нэгэн зургийг нь гартаа барин асуулаа. Гар маань чичирч байв. Тэр нөгөө зургийг хараад, зургийг авч газар чулуудав. Би түүнийг нь газраас авч элгэндээ тэврэв.
"Тэгээд хоёулаа аль болох хурдан гэр бүлээ цуцлуулах хэрэгтэй." гэж Гэнри хэлээд галын хажуу дахь сандал дээрээ суунгаа "Намайг ганцааранг маань орхиотох."гэв.
Би буцаж хаалга руу явж байгаад гэнэт зогссон. Түүн рүүгээ харсан. Тэгээд түүндээ бодож явснаа хэлсэн. Тайвнаар... "Намайг уучлаарай Гэнри... хэрвээ чи чадвал... тэгээд намайг мартаарай... Муухай бодлоор сэтгэлээ зовоож байгаад хэрэг байхгvй Клэйр-н тухай бодож баяртай байгаарай! Миний тухай биш түүний тухай бодоорой. тэгсэн нь дээр."
Тэр над руу эргэн харж "Чи уг нь ийм л байсан шүү дээ өмнө нь" гэсэн.
"Би тийм байсан. Одоо гэхдээ би тийм биш. Бүх юм өөрчлөгддөг шүү дээ. Гэнри... Бүх юманд төгсгөл гэж байдаг. Гэхдээ амьдрах сайхаан... Амьдрах агуу юм. Чи маань харин жаргалтай байх ёстой шүү Гэнри."
"Иринэ ээ! надад яагаад өөрчлөгдсөнөө хэлээч!"гэж намуухан хэлэхийг нь сонсох надад амар байгаагүй. Миний нэр, бас энэ ганц өгүүлбэр намайг гацааж орхив. Гэхдээ зөвхөн нэг л хором.
"Би чадаагүй юмаа. Тэсч чадаагүй юм, Гэнри" гэж би намуухнаар хэлээд дээшээ өрөө рүүгээ гарсан.
          Өрөөндөө орохдоо би уруулаа хэтэрхий чанга хазсанаас болж аманд минь цус амтагдаж байлаа. "энэ чинь юу ч биш... энэ чинь юу ч биш, Иринэ" гэж би өөртөө дахин дахин хэлж байлаа. яагаад ч юм бэ, би ярих хэрэгтэй байлаа. Сэтгэл дотор бөглөрөөд байгаа тэр юмыг зүгээр л живүүлж чадах юм шиг надад санагдаж байв. "Иринэ... энэ чинь юу ч биш... дахиад ганц хором тэсчих...тэгээд л энэ бvгд дуусна... энэ чинь юү ч биш...." гэж би өөртөө давтан давтан хэлж байлаа. Би өөрийгөө сохорчихоогүй гэж мэдэж байсан ч гэсэн нүд маань юу ч харахгүй байлаа. чих маань ч юү ч сонсоогүй. хэсэг хугацааны дараа арай гэж ухаан орон юм сонсож эхлэнгүүтээ би өөрийгөө "дахиад нэг хором... дахиад нэг хором..."гэж дахин дахин давтаж байгаагаа сонссон юм. гарт маань байсан Гэнригийн зураг газар унав. Би түүнийг харлаа... тэгэхэд л би чухам яг юу болсон, юу болоод байгаа, юу болох гэж байгааг тодорхой томруунаар харсан юм. Энэ бүхэн нэг хоромоос ч хурдан хугацаанд болж өнгөрсөн юм... яг л цахилгаан цахиад өнгөрөх шиг... хоолойд минь халуун төмөр тээглэсэн мэт болчихоод болсонгvй би хамаг чангаараа хашгирав... Одоо бодохнээ би тэгэхэд зүгээр ч нэг хашгираагүй юм. Надаас гарсан тэр дуу хүний дуу биш шархадсан амьтны амьдрал гуйсан хоосон архираа байсан юм шиг....
         Яг энэ мөчид Гэнри дээшээ хамаг хурдаараа гүйж ирэн хаалга тогшиж, "Яасан, юу болов?" гэж хамаг байдагаараа хашхирав.
"Зүгээрээ! Би хулгана хараад " гэж аль болох тайван дуугаар хэллээ.
      Би хөдлөхийг оролдсон ч газар хөлийн маань доор эргэлдээд болсонгүй. Доошоогоо л унаад байсан. Өрөөг маань хурднаар эргэлдэх хар утаа бүрхсэн мэт... Би уналаа...
Хичнээн ч хугацаа өнгөрсөн юм бүү мэд нүдээ нээхэд маань би газар хэвтэж байлаа. Өрөө хав харанхуй, бас нилээд жихүүн байх аж. Цонх онгорхой, хөшиг нь салхинд зөөлөн тийрүүлж хөдлөнө. "Би чинь ухаан алдчихсан байжээ." гэж би өөртөө хэлээд хөл дээрээ босохыг оролдов. Өвдөг маань хугарчихсан юм шиг өвдөж би өөрийн эрхгүй дахин газар уналаа. Би тэгээд газар хэвтэж байгаа түүний зургийг харлаа... Цахилгаан биеэр маань гүйгээд өнгөрсөн.
         Би зургийг авч түшлэгтэй сандал дээр тавиад өөртэйгээ ярьж эхлэв. Одоо харин дуу маань хүний дуу шиг намуухан, сул дорой ч гэмээр болжээ. "Гэнри... Гэнри... Миний Гэнри... Энэ чинь юу ч биш шүү дээ. Энэ бүгд худлаа тийм ээ, Гэнри? Энэ магадгүй зүгээр л зүүд байх... бид хоёр удахгүй хамтдаа сэрнэ тийм ээ? Тэгээд л би уйлахаа больчихно. Нүд рүү маань битгий хараарай Гэнри. Би уйлж байгаа юм биш... одоо нэгхэн хормын дараа энэ бүгд дуусна.... Хэдий энэ зүүд ч гэсэн надад хэцүү байна шүү дээ.... гэхдээ энэ бол юу ч биш... Чи надтай хамтдаа биз дээ... Гэнри... Чи бүгдийг мэдэж байгаа даа... Чи мэднэ шдээ... Би ер нь шал тэнэг байгаа биз? тийм гэж хэл л дээ, Гэнри... Инээмсэглээч дээ... Намайг шоолж бүүр инээ... юу ч болоогүй байхад чинь ингэж өөрийгөө зовоож байгаа надаар даажигнаж хөхрөөч! юу ч болоогүй байхад... Юу ч болоогүй шүү дээ... Би инээмсэглэж байгаа биз дээ.... хар даа... Чи надад хайртай тээ... Чи бол ганцхан миний Гэнри... Би жаахан ядарчээ, Гэнри... Гэхдээ би одоо амарлаа... Тэгээд энэ бүгд дуусна... Yгүй би уйлаагүй байна. Би чамд хайртай, Гэнри... "
          Том, хүнд, чимээгүй нулимс хацрыг маань даган урсаж байлаа. Би уйлаагүй, гэхдээ... Би ямар ч цурхирах дуу гаргаагүй. Би юм ярьж, инээмсэглэж байлаа. нулимс маань л эцэс төгсгөлгүй урсаж байсан юм даг.
         Түүний дараагийн сард яг юу болсныг би сайн санадаггvй юм. Гэнри бид 2 гэр бүлээ цуцлуулсан. Эхнэрийн үнэнч бус байдлаас болж гэж тэр цаасан дээр бичнэ лээ. Гэр бүл цуцлалтын шийдвэр гартал би Гэнригийнд амьдарсан ч бид хоёр нэг их олон тааралдаад байдаггүй байсан юм. Хааяа нэг тааралдахаараа зүгээр мэндлээд л өнгөрдөг байв.
         Би яаж ийгээд амьдарч дөнгөсөн юм. Маш олон ном уншсанаа санаж байна. Маш олон ном... гэхдээ одоо би тэр номнуудаас нэг үг ч сананд ордоггүй юм. Ямар нэртэй ямар ном байсан... ёстой бүү мэд... Би гадуур их явдаг байлаа. хамгийн ядуучууд амьдардаг, намайг хэн ч олж харахааргүй захын гудамжнуудаар яваад л байдаг байсан. Гэхдээ би тэр үед жаахан ч гэсэн тайвширдаг байлаа. тэр үеийн юмнууд ч гэсэн бүдэг бадаг л толгойд маань байдаг юм. Нэг удаа намайг нэг хүүхэд заагаад "Энд нэг эргүү явж байна." гэж хэлснийг санадаг юм...
         Би Гералд Грэйтэй ойр ойрхон уулзалддаг байсан... уулзаад сээтэгнэлцэнэ... аль болох ойрхон... би тэгэх ёстой байсан тул өөрийгөө чадахаараа хүчилдэг байлаа. Гэхдээ би бас л нэг ч удаагийнхаа болзоог санахгүй байна. Би яавч өөрийнхөө дүрийг сайн бүтээсэн байж таарна. Нэг удаа надад Грэй "Хатагтай Стаффорд, та энэ дэлхийн хамгийн өвөрмөц, хамгийн их увидастай эмэгтэй. танай нөхөр тань ёстой тэнэг... гэхдээ би түүнд нь ч баяртай байна л даа." гэж хэлсэн юмдаг. Би яг яаж энэ бүгдийг хийснээ мэдэхгүй гэхдээ л ухаангүй байхдаа би болгосон л юм.
        Тэр өдрүүдээс миний санаж байгаа ганц юм бол Гэнри. Би түүнийг дандаа хардаг байв. Тэр бүх цагаа Клэйртэй өнгөрөөж байлаа. Нүдэнд нь аз жаргалын туяа татаж, үргэлж инээмсэглэж явдаг болсон байв. Би түүний нүүрнийх нь хувирал бүрийг уншиж чаддаг болсныхоо хувьд Гэнрийг ямар их жаргалтай байгааг шууд л мэдэж байлаа. Тэр сүүлийн хэдэн сар түүнийг дагасан хамгийн хэцүү хар дарсан зүүднээс сэрээд дахиад амьдрал амсаж байгаа шиг л харагддагсан. Урьдын адил залуухан, хүчтэй, үзэсгэлэнтэй сайхан Гэнри... Дэндүү үзэсгэлэнтэй дээ, чи минь... Би Клэйрийг ч бас ажигладаг байлаа. тэр Гэнрийд ямар ч гэсэн хайртай байсан. Энэ бүхэн зүгээр л нэг сээтэгнэл юм уу түүний өөртөө итгэх итгэлийг нь тэжээх хоосон ялалт биш, гүн гүнзгий сэтгэл байсан юм. Магадгүй түүний анхны хайр нь ч байсан байж мэднэ. Клэйр зүгээр нэг хоосон хүсэл тачаал биш ухаалаг, дээд гарлын, дэгжин бүсгүй байлаа. Ухаан үзэсгэлэн хоёр нь яг л адил... хэмжээлшгүй... Гэнри жаргана аа... Би нэг удаа тэднийг гудамжинд алхаж явахад нь харж билээ... Тэд хоорондоо ярилцаж инээмсэглэж байлаа. Клэйр гоёмсог цагаан хослол өмссөн байсан шиг санаж байна. юутай ч тэр хоёр учиргүй жаргалтай харагдаж байж билээ.
         Хотынхон маань гэр бүл салалтыг үзэж чаддаггүй байсан юм. Тэгэхээр мэдээж намайг юу гэж ярьж байсан нь ойлгомжтой. Ямар ч гэр бүл намайг гэртээ оруулахаас татгалзаж, төвөгшөөх болсон юм. Гудамжинд хүн амьтан мэндлэхээ ч больсон. Найз маань гэгддэг байсан хүмүүсийн нүүр нь гутамшиг жигшил дүүрсэн хоосон инээд дүүрэн байдаг байлаа. Би нэг удаа Хатагтай Брогантай тааралдсан юм. тэр намайг шинжгүй харснаа "Чи бохир амьтан! Чамайг Грэйн мөнгөнд нь шунаж өөрийгөө худалдсаныг хэн ч мэдэхгүй гэж санаж байна уу? Гайгүй байлгүй" гэсэн. Пацы Тиллинс хэд хоногийн дараа гудманд тааралдаад "Хонгорхон минь чи ч буруу наймаа хийлээ дээ. Би аль ч ертөнцөд байсан Гэнри Стаффордыг юугаар ч солихгүй байсан юм." гэж билээ...
         Ингээд гэр бүлээ цуцлуулах өдөр ирэв. ... Би дахиад л Иринэ Вилмэр боллоо. Нөхөртөө үнэнч байж чадаагүйгээс болж салсан Иринэ Вилмэр. Тэгээд л болоо! Салахдаа Гэнри надад өгөх мөнгөнийхөө тухай ярьж эхлэхэд би юу ч авахгүй гэдгээ тодорхой хэлээд "Ноён Грэй чамаас илvv мөнгөтэй." гэж билээ. Гералд Грэй тэр өдрийн маргааш нь Нью Йорк явах байсан юм. тэндээсээ Европ руу усан онгоцонд суух, би хамт явах ёстой байлаа.
        Тэр орой Ноён Барнэс намайг дуудлаа. тэр сүүлчийн нэг сар хотоос гадуур байсан бөгөөд дөнгөж өнөөдөр л буцаж ирсэн байлаа. Тэгээд хамаг юмыг сонсчээ.
"За Иринэ минь Би маш сонин юм сонссон. чи надад тэр тухай ярих уу?" гэж тэр хоолойгоо чичрүүлэн байж хэлж билээ.
"Яасан гэж Ноён Барнэс.Ямар ч сонин хачин юм энд байхгүй гэж би бодож байна. Би саяхан Гэнригээс салсан." гэж би тайвнаар хариулсан.
"Гэхдээ... ммм... Энэ бүгд нээрээ чиний буруугаас болж гэж үү? Чи үнэхээр буруутай юм уу?"
"хэрвээ та үүнийг гэм буруу гэж дуудмаар байвал тэг л дээ. Би Гералд Грэйд хайртай. Тэгээд л тэр." Ноён Барнэсын царай нь эхлээд улаан, дараа нь хөх дараа нь цав цагаан болов. Тэр удаан дуугүй зогссоны эцэст
"Чи нөхөртөө хайргүй юм уу?" гэж асуусан.
"Та Гэнри Стаффордын тухай ярьж байна уу? тэр одоо миний нөхөр байхаа нэгэнт больсон. Тэгээд ч би түүнд хайргүй."
"Иринэ..." гээд тэр цааш нь үргэлжлүүлэх гэсэн боловч нэг л болж өгөхгүй байгаа нь илт. "Иринэ... энэ бүгд үнэн байж яасан ч таарахгүй. Чамайг ийм юм хийгээгүй гэдгийг чинь би хүн бүрт хэлнэ."
"Би чинь бурхан биш шүү дээ..."
       Тэр буцаж ухраад саарал толгойгоо харамсалтайгаар сэгсэрч "Иринэ, чи нөхөр шигээ хүнийг тэр тэнэг залуугаар солих ч хүн биш дээ." гэж цөхөрсөн дуугаар хэлж билээ.
"Би тэгсээн, сольсон."
"Чи, Иринэ, чи. Би итгэж үнэхээр чадахгүй нь ээ!"
"Битгий итгэ л дээ. Хэнд хамаатай юм." гэж намайг хэнэггүй хэлэхэд Ноён Барнэс дахиж энэ бүгдийг тэсэхээ больсон бололтой
"Тийм бол би юу хэлэх вэ? Иринэ. Баяртай Иринэ" гэж тэр удаахан хэлэв.
"Баяртай" гэж би үл тоосон янзаар хариу хэлэв...Би цонхоор түүний цаашаа алхаж байгааг урьд урьдынхаасаа хүнд ядарсан харагдах дүрийг нь харж "Баяртай Ноён Барнэс... Баяртай.. Намайг уучлаарай..." гэж шивнэж байлаа.
          Гэртээ хамгийн сүүлд хоносон тэр шөнө би маш орой унтсан. Байшин тэр чигтээ харанхуй болсон хойно би чимээгүйхэн доод давхар луугаа явсан. Маргааш аягүй бол Гэнрид баяртай гэж хэлж амжихгүй... Гэхдээ би түүнтэй салах ёс гүйцэтгэмээр байв. Би чимээгүйхэн унтлаганы өрөөний хаалгыг нээхэд Гэнри тайван унтаж байлаа. Би орлоо. Түүнийг харахын тулд цонхны хөшгийг жаахан нээж гэрэл оруулав. тэгээд нэгэн цагт минийх байсан орны хажууд зогслоо. Нүүр нь тайван бөгөөд дөлгөөхөн, хав хар сормуус нь хөдөлгөөнгүй, сайхан уруул нь харанхуйд цайрах нүүрэн дээр нь сийлсэн юм шиг үзэсгэлэнтэй харагдаж байв. Би түүнд хүрч зүрхлээгүй учраас гараа болгоомжтойгоор дэрэн дээр түүний толгойны хажууд тавьсан. Тэгээд би газар өвдөглөн сууж уруулыг нь хичнээн үнсэхийг хүссэн ч Гэнрийг сэрэхгүйн тулд тэрийгээ дарж ядан сууж байлаа. Харин гарыг нь авч уруулдаа хүргээд "Гэнри... Чи юу хийснийг маань хэзээ ч мэдэхгүй...мэдэх ч ёсгүй... Аз жаргалтай амьдраарай! Харин би өөртэйгөө хамт нэг л зүйлийг авч явах болно. "Би Гэнрийд хайртай байсан" гэж хэлэх тэр эрхийг би өөртөө үлдээнээ. Чамайг үхэн үхтлээ хайрлах тэр эрхийг би авч явна." гэж зөөлхөн шивнэсэн. Тэгээд би босч, хөшгийг хаагаад гарч явсан. Маргааш нь жихүүн саарал өдөр байлаа. Хааяахан хүйтэн бороо асгаж, зөөлөн салхи хөгшин саарал үүлсийг тэнгэр авчирсан тийм л өдөр байсан. галт тэрэг орой 10.15-д явах байсан бөгөөд Ноён Грэй өглөө нь над руу залгаж намайг орой ирж авахыг хүссэн байлаа. Тэр аз жаргалаар бялхаж байгаа нь хэнд ч ойлгомжтой байсан юм. "Би өөрөө очиноо намайг харин буудал дээр хүлээж байгаарай!" гэж би хэлсэн.
           Аль хэдийн харанхуй болсон ч би өрөөндөө ганцаараа суусаар л байлаа. Өөрөө ч гайхмаар тийм их цөхрөл намайг тойрно. Би Гэнри-г хүлээж байсан юм. Тэр хараахан гэртээ ирээгүй л байв. Тэр Клэйрийнд очиж эрх чөлөөтэй анхныхаа өдрийг өнгөрөөхөөр явсан байсан байх. Уг нь салах ёс хийх нэг их шаардлагагүй байсан ч гэсэн би үүрд явхынхаа өмнө түүнийг хармаар санагдаад болохгүй байлаа. Гэтэл Гэнри ирдэггүй... Би цонхны хажууд сууж хэдий хүйтэн байсан ч гэсэн онгойлгож гудамжийг харж суулаа. бороо цутгаж байшингуудын дээвэр, явган хүний замнууд гялалзаж харагдана. Хааяахан өнгөрөх явган хүмүүс бүгд л нэг тийшээ учиргүй яарсан шинжтэй, цөхөрсөн ганцаардмал ч юм шиг харагдаж байсансан... Аль хэдийн 9.30 болсон ч, Гэнри гэртээ ирсэнгүй. Би цонхоо хааж жижигхэн цvнхэндээ авч явах зvйлсээ хийхээр суулаа. Надад боож баглаад байх сүртэй юм байсангvй: нэг даавуу, хуримийнхаа даашинз толгойвч хоёрыг, бас Гэнригийн зураг. Ийм л хэдэн зүйлтэй би тэндээс явсан юм. Цүнхээ дурамжхан хааж байтал хаалганд түлхүүр дуугарах чимээ, дараа нь түүний хөлийн чимээ сонсогдов. Тэр хүрээд иржээ. Би малгай цув хоёроо өмсөж, цүнхээ авангаа "Би үүдний хонгилоор өнгөрөхдөө ажлынх нь өрөөний хаалгыг нээгээд л харчихая. Ганцхан удаа.. Гэнри намайг анзаарах ч үгүй." гэж бодож байлаа. Ингээд би доошоо бууж, үүдний хонгилд очин Гэнригийн ажлын өрөөний хаалгыг онгойлгож хартал өрөө нь хоосон байна. Би ч одоо яая гэхэв гэж бодоод үүд рүү алхан хаалганы бариулыг атгах тэр агшинд Гэнригийн тайван боловч гунигтай дуу "Иринэ, надад баяртай ч гэхгүй явах гэж байгаа юм уу?" гэх нь тэр. эргэн харвал Гэнри зогсож байлаа. Дэндүү их сандарснаас хамаг хяналтаа алдчих дөхсөн би гэдэг хүн "Ааанхаа..." гэж утгагүй дуугаар хэлэв.
          Бид хоёр түүний ажлын өрөөнд орлоо. Зууханд гал асаажээ. Гэнри гуниг гялалзсан тод хар нүдээрээ над руу ширтэж "Иринэ, чи бид хоёр үүрд салж байна. Магадгүй... Гэхдээ чи бид хоёр нэг нэгэнтэйгээ учрах л хувьтай байсан шүү." гэв.
Би дуугүй л толгой дохилоо. Хэрвээ ямар нэг юм хэлчихвэл дуу хоолой маань хяналтнаас гарчих гээд хэцүү байсан юм.
"Би чамд ямар нэг бурууг тохохгүй ээ, чамайг муулах ч үгүй. Иринэ. Тэр орой зоогийн газар болсон явдал бол... чи өөрөө ч анзаараагүй галзуурал байсан байх. ямар ч гэсэн би чамайг тэр орой байсан эмэгтэй гэж бодохгүй байна."
"Магадгүй тийм биз... Гэнри..." гэж би тэсч чадалгүй шивнэв.
"Чи биш шүү дээ. Би чамайг үргэлж хайрлаж явсан тэр эмэгтэй чигээр чинь л сэтгэл зүрхэндээ үлдээнэ." гээд Гэнри хэсэг дуугүй болов. Би урьд нь хэзээ ч түүнийг ийм цөхөрсөн, чимээгүй байхыг нь харж байгаагүй шиг санагдана.
"Амьдрал үргэлжлэх л болно. Би өөр бүсгүйтэй... чи өөр залуутай гэрлэнэ... тэгээд бүх юм мартагдана." гэж тэр маань үргэлжлүүлэн хэлээд гарыг маань атгана.
"гэхдээ чи бид хоёр дэндүү жаргалтай байсан шүү!" гэж хэлэхдээ нүдэнд нь гэнэт гэрэл тусав.
"Тийм ээ Гэнри!" гэж би шулуухан бөгөөд тайванаар хариулсан.
"Чи тэгэхэд надад хайртай байсан уу? Иринэ?"
"Аанхаа, хайртай байсан."
"Гэхдээ тэр цаг нэгэнт өнгөрч дээ... юутай ч би чамайг хэзээ ч мартахгүй, Иринэ. Чадахгүй. Би чамайг бодох болно..."
"Тэгээрэй Гэнри минь! Заримдаа намайг санаж байгаарай!"
"Чи жаргалтай байна биз дээ, Иринэ? Би чамайг жаргаасай гэж хүсч байна."
"Тэгнээ Гэнри!"
"Би ч адилхан. Магадгvй чамтай байсан шигээ тийм их жаргалтай байж ч мэднэ. Гэхдээ одоо чи бид хоёр эргэж харж болохгүй ээ! Хүн чинь урагшаа харж амьдрах ёстой! Чи намайг жаахан ч гэсэн бодох уу? Иринэ"
"Тэгнээ, би бодно, Гэнри."
         Тэрний маань нүд харанхуй гунигаар дүүрсэн байхыг би харж байлаа. Би толгойгоо өргөж гараа Гэнригийн мөрөн дээр нь тавиад намуухан бөгөөд ихэмсэгээр "Гэнри, чи жаргах ёстой шүү! бас хүчтэй, ихэмсэг амьдрах учиртай. Гуниг харууслыг давж гарч чадахгүй тэр л хүмүүс гуниг харуусалтай амьдардаг. Чи бол амьдрал руу инээмсэглэж амьдрах хувьтай хүн."
"За тийм дээ. Чиний зөв... бүх юм сайхнаар төгссөн шүү дээ. Энэ бүхэн чи бид хоёрын аль нэгнийх нь амьдралыг баллаж болох л байсан шүү дээ! Тэгээгүйд нь би баярлаж байна." Хэсэг дуугүй суусны дараа Гэнри
"Иринэ минь баяртай! Чи бид хоёр дахиж энэ хорвоо дээр ч бараг уулзахгүй биз дээ." гэж хэлсэн юм. Би одоо ч санаж байна.
"Амьдрал гэдэг чинь богинохон шүү дээ, Гэнри" гэж хэлэхдээ би чичирч байсан. Гэнрийд анзааруулахгүйн тулд би "Гэхдээ хэн мэдэх вэ? бид хоёр жаран настайдаа уулзаж ч мэднэ шүү дээ." гэж хурдхан шиг хэлэв. Гэнри инээмсэглээд, "Магадгүй ээ! Тэгээд хоёулаа энэ бүгдийг ярилцаад инээж байхгүй юу!" гэв.
"Тийм ээ! Гэнри! Хоёулаа инээлдэнэ."
         Тэр толгойгоо гудайлгаж гарыг маань үнсээд "Яв даа одоо, чи миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйл байсан шүү!, Иринэ." гэж доор дуугаар шивнэсэн. тэр толгойгоо өргөж нүд рүү маань хараад "надад эцсийн удаа ганц ч гэсэн юм хэлэхгүй юм уу?" гэхэд нь би түүнийхээ нүд рүү нь харж байгаад хамаг сэтгэлээсээ нэг л хариулт хэлсэн.
"Би чамайг хайрласан шүү, Гэнри!"
Гэнри гарыг маань дахин үнсээд "Би жаргалтай байх болноо. Гэхдээ хэзээ ч тэр эмэгтэйтэй учраагүй байсан ч болоосой гэж хүсэх vе ч надад ирнэ. Амьдрал чинь хатуу шүү дээ" гэж сул дуугаар шивнэлээ.
"Тийм ээ Гэнри!" гэж би товчхон хариулсан...
        Гэнри намайг өргөж үнсэж билээ. Түүний уруул нь миний уруул дээр, харин хоёр гар маань түүний хүзүүг ороосон байсан. Хэзээ энэ хамгийн сүүлчийн удаа байсан ч ямар ч гэсэн болсон юм. Одоо хэн ч надаас тэр хормыг булааж авч чадахгүй.
        Гэнри надтай хамт гадаа гарлаа. Би хөлсний тэрэг дуудаж дотор нь суугаад, цонхоор нь харахад тэр довжоон дээр зогссоор л байсан юм. Зөөлөн салхи үсийг нь үлээж, харин тэр хөшсөн адил зогсож байсан... Ингэж би хамгийн сүүлчийн удаа түүнйиг харсан юм.
         Нүдээ аньж нулимсаа залгиад хичнээн ч явсан юм бүү мэд. Ямар ч гэсэн нүдээ нээхэд маань такси аль хэдийн буудал дээр ирж зогссон байлаа. Би мөнгөө төлж, цүнхээ аваад галт тэрэг рүү явав.
         Гералд Грэй намайг буудал дээр хүлээж байлаа. Тэр гоёмсог аялалын хувцас өмсчээ. Гартаа барьсан дуу алдам сайхан цэцгээ надад өгөхдөө, баяртай инээмсэглэлээ нүүрнээсээ арчиж чадахгүй байсан юм. Бид нэг их юм ч ярьсангүй галт тэргэнд суулаа. 10.15-н үед галт тэрэг хөдлөж эхлэв. Харанхуй цонхны цаагуур буудлын байшингууд, босоо шонгууд, харанхуй гудамжнууд ээлж дараагаар жирэлзэн өнгөрнө. Ингээд хот бидний ард хоцорлоо. Галт тэрэгний дугуй өнхөрсөөр...
Бид хоёр кабиндаа хоёулахнаа байв. Ноён Грэй над руу нууцхан харж инээмсэглэхдээ намайг хариуд нь инээмсэглэх болов уу гэж бодсон нь илт. Би харин огт амьгүй мэт суусаар байв. Грэй "Ингээд арай гэж нэг юм хоёулахнаа үлддэг байна шүү"гэж шивнээд намайг тэврэхийг оролдсон боловч би түүнийг өөрөөсөө түлхэн холдуулав.
"Байзнаарай, Ноён Грэй! Бид хоёрт хангалттай цаг байна шдээ" гэж намайг хүйтнээр хэлэхэд Грэй "Яасан бэ Хатагтай Стаффорд? Yгүй ээ! хатагтай Вилмэр. Та чинь бүүр цонхийчихсон байх чинь..." гэж үгээ зөөн асуулаа. "Яагаа ч үгүй ээ! Зүгээр л би жаахан ядраад" гэж би нөгөө л хүйтэн өнгөөр хэлэв.
Бүтэн хоёр цаг бид хоёр чимээгүй, хөдөлгөөнгүй суулаа. Бидний эргэн тойронд байсан ганц чимээ гэвэл галт тэрэгний дугуй л байв. Хоёр цагийн дараа галт тэрэг маань анхныхаа зогсоол дээр зогссон бөгөөд би цүнхээ барин бослоо. "Хүүе, та чинь хаачих нь вэ?" гэж Ноён Грэй дуу нь цахиртан асуухад би юу ч хэлсэнгүй буув. Галт тэрэгнээс буусныхаа дараа би Грэй-н сууж байсан кабин-н онгорхой цонхон дээр ирж "За Ноён Грэй. Намайг нэг саятан Сан Францискод хүлээж байгаа. Би таныг зүгээр л нөхрөөсөө салахын тулд ашигласан юм. Баярлалаа. Харин энэ тухай та хүнд үг хэлээд хэрэггүй биз дээ. Эс тэгвээс бүгд таныг шоолон хөхрөх болно шүү дээ." гэж хэллээ. Тэр амаа ангайн гацчихсан... Сэтгэл нь ямар их дундуур байсныг би шууд хараад л мэдэж байв. Гэхдээ жинхэнэ эр хvний зан гаргаж надад тэр бүх сэтгэл тавгүйцэлээ үзүүлсэнгүй. Харин "Танд тэгж тус болж чадсан бол би баяртай байна." гэж эелдэгээр хэлж чадаж билээ, Грэй. Яг энэ мөчид галт тэрэг хөдлөж, Грэй малгайгаа аван над руу даллаад алга болов.
        Ингээд би тэр нэг буудал дээр ганцаарааа хоцорсон. Хөв хүнд үүлс удаахнаар хөвсөн нил хар тэнгэр намайг бүрхжээ. Миний санаж байгаагаар тэнд хуучин хашлага бас унжиж норсон модод, нойтон навчис л байсан шиг... Харин тасалбар түгээх цэгийн цонхоор нь бүдэг гэрэл сүүмэлзэж байлаа. Надад их мөнгө байсангүй. Би гэрэл сүүмэлзэх цонхон дээр очиж байгаад бүх мөнгөө сарвайгаад "Надад нэг тасалбар өгөөч!" гэж хэлэв. Тэндэхийн ажилчин нь нэг хялайж харчихаад "Аль буудал руу вэ?" гэж товчхон асуухад нь би "Аль нь ч хамаагүй ээ!" гэлээ.
"За та хэлээдэхээч..."
"Энэ шугамны хамгийн сүүлчийн буудал хүртэл..."
Ажилчин залуу нэг тасалбарыг миний мөнгөний хагастай буцааж түлхээд сонин харцаар намайг ширтсээр хоцров.
           Галт тэрэг буудал дээр ирж зогсоход нь би "ямар ч хамаагүй нэг буудал дээр буучихна даа" гэж бодсоор дотогш оров. Би нэг цонхны хажууд суугаад дахиж хөдлөөгүй. Эхлээд цонх харанхуй байснаа гэрэлтэй болж дараа нь дахин харанхуй болсныг би санаж байна. Ямар ч байсан би хорин дөрвөн цагаас илүү л явсан болж таараад байгаан. Ёстой мэдэхгүй. Дахиад харанхуй нөмрөхөд би ямар нэг буудал дээр бууснаа санаж байна. Галт тэрэг зогссон... Би буусан... маш харанхуй ямар ч гэрэл үзэгдэхгүй байгааг мэдрээд буцаж галт тэргэнд суух гэсэн боловч галт тэрэг нэг хөдлөөд явчихаж билээ. Ингээд л нойрмог ажилчин, бүдэг гэрэлтэй мухлаг, өөрийгөө борооноос хамгаалахын тулд сандал доор хэвтэх нохойноос өөр юмгүй нойтон тавцан дээр үлдсэн дээ. Буудлаас цааш лавшруулан харвал нарийхан гудам бас хэдэн модон байшин харагдаж байлаа. Цагаа харвал өглөөний гурван цаг болж байв. Би сандал дээр суугаад өглөөг хүлээхээр шийдэв... Бүх юм өнгөрчээ... Би хийх ёстой юмаа хийлээ... Амьдрал ингээд л дуусчихсан...
         Би одоо тэр хотхонд амьдардаг юм. Жижигхэн дэлгүүрт өглөө есөөс орой долоо хүртэл ажиллана. Би хамгийн ядуу нэгэн байшинд хоёр өрөөг эзэгнэдэг, гэхдээ тусдаа шаттай болохоор намайг хэзээ яаж гарч орж байгааг хэн ч анзаардаггүй юм. Надад танил нөхөд энэ тэр гэж юм юу ч байхгүй. Би ажилдаа яг таг ханддаг ч хэзээ ч ярьж байгаагүй. Тийм ч учраас миний хамт ажилладаг хүмүүс нэрийг маань ч мэдэхгүй. Харин байрныхаа эзэнтэй сард нэг удаа төлбөрөө хийх гэж тааралддаг юм. Би ерөөсөө юм боддоггүй. Ажиллаад л гэртээ ирээд л идчээд унтдаг. Тэгээд л болоо. Би уйлдаггvй. Заримдаа ойдог шилэнд өөрийгөө харахад цонхийж цайсан нүүр, нүүрэндээ арай томдсон, энэ дэлхийн хамгийн тайван, чимээгүй хоёр нүдийг л хардаг. Би гэртээ ч үргэлж ганцаараа байдаг. Харин Гэнригийн баяртай инээмсэглэсэн зураг ширээн дээр минь үргэлж байсаар ирсэн. Зурагны хүрээн дээр "Иринэдээ. Гэнри. Yүрд мөнх." гэж бичсэн байдаг юм. Ядарсан үедээ би ширээний өмнө сөхөрч суугаад түүнийгээ удаан гэгч нь хардаг...
        Хүмүүс цаг хугацаа бүгдийг авч оддог гэж хэлэлцдэг. Тэр хууль надад гэхдээ үнэн байгаагүй. Он жилүүд өчнөөн төчнөөнөөрөө урссан ч би Гэнри Стаффорд-д хайртай хэвээр л байсан юм. Одоо ч хайртай. Тэр маань одоо аз жаргалтай байгаа. Би түүнд аз жаргалыг нь авч өгсөн юм. Тэгээд л болоо. Намайг авааль нөхрөө худалдаж авсан гэж ярилцдаг хүмүүс магадгvй зөв байх. Би түүнийхээ амьдралыг нь, аз жаргалыг нь өөртөө байгаа бүх юмаараа төлж байж худалдаж авч өгсөн. Би Гэнрийд хайртай. Хэрвээ бурхан надад дахиад амьдрах боломж олгосон бол би яг л өөрийнхөө хийснийг ямар ч эргэлзээгүйгээр хийх байсан.
        Бүсгүйчүүд, охид оо! Намайг сонсох хүн бүрт би хэлье! Хэзээ ч хүнийг ухаан санаанаасаа илүү бүү хайрлаж бай! Хайраас өөр ямар нэг зорилго, хүсэлтэй бай. Хайрандаа заавал хязгаар тавь!... Хэрвээ чи чадвал шүү дээ... Би бол чадаагүй.
         Хүн үхэн үхтлээ амьдрах учиртай. Тэгээд ч би амьдарсаар байна. Гэхдээ энэ амьдрал маань нэг их удахгүй болсныг би мэдэрч байна. Төгсгөл ирж явааг би харж байгаа. Би өвчтэй зовлонтой биш ч миний хүч чадал, амь маань дотроосоо унтарч байгааг би мэдэрч байна. Өнгөрсөнд болж өнгөрсөнд би огтоос ч харамсдаггүй. Дараа нь юу болохоос айдаг ч үгүй. Амьдралаас хүсэх ганцхан л юм надад үлдсэн: би Гэнриг дахиад нэг л удаа харчихмаар байна. Миний бүхэл амьдрал маань болсон тэр хүнийг би ганцхан удаа эцэсийн ганц удаа хармаар байна. Ганцхан удаа... Би нэгэнт хотдоо буцаж чадахгүй учраас залбираад л хүлээгээд байдаг. Би үнэхээр утга учиргүй ихээр залбирч хүсдэг. Одоо надад нэг их ч цаг үлдээгvй байна.
Гудамжаар алхан явахдаа би зөрөн өнгөрөх хүн бүрийг ажиглан хардаг. Орой нь гэртээ ирчихээд Гэнригийн зургийг харж "Өнөөдөр биш байнаа, Гэнри минь. Магадгүй маргааш..." гэж шивнэнэ.
Би дахиад түүнтэй уулзах, түүнийг харах болов уу? Би өөртөө тэгнэ гэж хэлдэг ч дотроо тэгэхгүй гэдгээ мэдэж байдаг...
           Ингээд би өөрийн түүхээ бичиж дууслаа. Хамаг сэтгэлээ чангалан байж бичиж дуусгалаа. Хэрвээ Гэнри үүнийг маань унших юм бол тэр ямар ч гэсэн сэтгэл дундуур байхгүй биз. Харин тэр маань бүгдийг нь ойлгоно.
Тэгээд энэ бүгдийг уншчихаад тэр магадгүй... үгүй ээ... тэр надтай уулзах гэж ирэхгүй. Тийм юм хийх ёсгүй гэдгээ тэр ойлгож байгаа. Харин тэр гудамжинд надтай зөрөөд л өнгөрөх болно. Намайг огт анзаараагүй юм шиг. Харин би дахиад ганцхан удаа... эцсийн удаа түүнийгээ харна...
 
Төгсөв. 1926 Чикаго. 
1
Таалах
Хайрлах
1
Инээх
Бахархах
1
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих