“Хүрхрээ үндэсний лиг”-ийн сугалааны үйл ажиллагаа явагдлаа
Бэлгүүн Намсрай
2017-04-19 22:07:01

Улсын хэмжээнд зохиогдож буй спортын тэмцээн уралдаануудаас хамгийн өндөр шагналын сантай “Хүрхрээ үндэсний лиг”-ийн сугалааны үйл ажиллагаа өнөөдөр боллоо.  Гурав дахь жилдээ “Хүрхрээ” нэрээр зохиогдож буй Монголын хөлбөмбөгийн үндэсний лиг нийт 120 сая төгрөгийн шагналын сантай. Үүний 100 сая төгрөгийг Арвайн үндэс компани гаргадаг бол үлдсэн 20 сая төгрөгийг тасалбарийн орлогоос олох юм. Анх 100 сая төгрөгийн шагналын сантайгаар эхэлсэн “Хүрхрээ үндэсний лиг” өнгөрсөн жил 117 сая, энэ жил 120 сая гэх мэтчилэн шагналын сангаа нэмсээр байгаа нь дээд лигт өрсөлдөх баг, тамирчдын ур чадвар, чанар чансаа нэмэгдэхэд нөлөөлсөөр байна.

Энэ жилийн дээд лигийн тэмцээнд нийт 10 баг оролцож байгаа юм. Ингээд лигийн тэмцээний сугалаа явагдахад нэгээр Улаанбаатар сити клуб сонгогдлоо. Эхний сугалааг МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир сугалсан бол удаах сугалаануудыг Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хаанс Михаэль Вайсс сугаллаа. Сугалааны үр дүнд нэгээр сонгогдсон "Улаанбаатар Сити" клуб 10-р сонгогдсон "FC Улаанбаатар" клубтэй "Хүрхрээ үндэсний дээд лиг"-ийн эхний тоглолтыг 4-р сарын 29-ний өдөр 16:00 цагт хийхээр болсон бол хоёр дахь тоглолтыг 4-р сарын 29-ний 19:00 цагт "Хоромхон", дээд лигт анхны жилдээ оролцож гэж буй "Гоёо" клубүүд хийхээр боллоо. Ингээд сугалааны үр дүнг хүснэгтийн байдлаас дэлгэрэнгүй танилцуулая.

 

Хүрхрээ үндэсний лигийн тасалбар өмнөх жилийнхтэй адил 2000 төгрөгөөр худалдаалагдана. Гэхдээ дээд лигийг үзэх үзэгчдийн тоо жил бүр 30-40 хувиар өсөж байгаа тул манай хөлбөмбөг сонирхогчид өөрийн улсын хөлбөмбөгийн хөгжилд эргэх холбоо үүсгэж үнэтэй хувь нэмэр оруулж байна. Энэ сарын 29-нд нээлтээ хийх “Хүрхрээ үндэсний лиг”-ийн тоглолтууд Монголын Хөлбөмбөгийн Холбооны гэрэлт цэнгэлдэх хүрээлэнд, оройн цагаар, үзэгч хөгжөөн дэмжигчдийг хөлбөмбөг үзэхэд тохиромжтой үеэр явагдана.

Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид Монголын шилдэг хөлбөмбөгчдийн эн тэнцүү сонирхолтой өрсөлдөөнийг тав тухтай, амьд орчинд үзэх боломж нээгдлээ.  Үндэсний дээд лигт “Эрчим”, “Хангарьд”, “Хоромхон”, “Унаганууд”, “Дэрэн”, “Сэлэнгэпресс”, “Улаанбаатар”, “Улаанбаатар сити”, “Атлетик 220”, “Гоёо” гэсэн шилдэг 10 баг зургаан сарын турш өрсөлдөнө. Монголын хамгийн шилдэг хөлбөмбөгчид “Хүрхрээ үндэсний лиг”-т хүч үзэхээс гадна тив дэлхийн хэмжээний 11 улсын 39 легионер тоглогч манай лигийн тэмцээнийг чимэх болно.Эдгээр гадны иргэншилтэй тоглогч нар дунд Италийн дээд лиг “Сериа А”-д тоглож, улсынхаа 23 хүртэлх насны шигшээ багт дуудагдаж явсан тоглогч байгаа гэхээр “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 2017 оны улирал тун сонирхолтой, ширүүн өрсөлдөөн дор үргэлжлэх нь дамжиггүй билээ. Иймд хөгжөөн дэмжигч та бүхнийг "Хүрхрээ үндэсний лиг"-ийн тоглолтуудыг цэнгэлдэхэд нь үзэж өөрийн улсын хөлбөмбөгийн хөгжилд гар бие оролцохыг уриалж байна. Тавтай морилно уу.

 

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих