ВОЛЕЙБОЛЫН АЗИЙН ЗҮҮН БҮСИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 5-Р САРД УЛААНБААТАР ХОТНОО БОЛНО
Бэлгүүн Намсрай
2017-04-19 14:36:40

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн 5-р сарын 20-26-ны өдрүүдэд Буянт Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана. Тэмцээний зохион байгуулалтанд хамтарч ажиллах байгууллагуудтай гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр МҮОХ-ны хурлын танхимд боллоо.

Азийн зүүн бүсийн волейболын аварга шалгаруулах тэмцээн анх 1998 онд зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд Монгол улсад 4 дэх удаагаа явагдах гэж байна. Өмнө нь 2000, 2008, 2015 онд Улаанбаатар хотноо зохиогдоход эмэгтэйчүүдийн шигшээ баг 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж, эрэгтэйчүүд 2015 онд шигшээд шалгаран 4-р байр эзэлсэн амжилт үзүүлээд байгаа юм.  Монгол улсад волейболын спорт үүсэж хөгжсөний 90 жил, Монголын волейболын холбоо байгуулагдсаны 60 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд энэхүү Азийн зүүн бүсийн тэмцээн 2017 оны волейболын хамгийн том тэмцээн болж байна.  Азийн зүүн бүсэд 8 үндэсний холбоод харьяалагддаг бөгөөд 2015 онд БНАСАУ-ын баг уг тэмцээнд анх удаагаа орж байсан онцлогтой. Энэ удаагийн тэмцээнд зүүн бүсийн багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу Макао, БНАСАУ,  БНСУ, Тайвань, Хонконг, Монгол, БНХАУ, Япон улсын үндэсний холбоодын баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.

Тэмцээний зохион байгуулахад хамтран ажиллах түнш байгууллагуудтай өнөөдөр буюу тэмцээн болохоос сарын өмнө гэрээгээ албан ёсоор байгуулж байгаа нь аль аль талууд үүрэг хариуцлагатай байж, Монгол улсын нэр хүнд, спортын маркетинг, менежементийг хөгжүүлэх, мэргэжлийн чиг хандлагыг мэдрүүлэх зорилготой юм. Тэмцээнд оролцох тамирчид, зочдын зочид буудлыг Баянгол зочид буудал, билетийн борлуулалтыг ticket.mn,  волейболын спортыг дэмжигч бизнесийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилахаар JCDecaux компани, олон улсын тэмцээний гэрэл зургийг Студи-3-ийн хамт олон, тамирчдын цэвэр усыг Витафит компани, аюулгүй байдал, хамгаалалтыг O.B.S секюрити тус тус хариуцан хамтран ажиллахаар боллоо. Энэ удаагийн тэмцээнд оролцохоор Азийн 180 гаруй тамирчин, албаныхан Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэх юм.  

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих