8:55 am - Saturday April 26, 2014

Мэргэжлийн өвчний эмчилгээ, оношлогооны үндэсний удирдамжтай боллоо

Хийсэн ажлынхаа технологийн онцлогоос шалтгаалан өвчлөх тохиолдол сүүлийн жилүүдэд өссөөр байна. Мэргэжлийн өвчин гэж нэрлэгддэг энэ өвчнийг эмчлэх төв байгуулагдаад 45 жил болсон ч нэгдсэн удирдамж байгаагүйгээс эмч нарын мэргэжил ур чадвар өсдөггүй, онош буруу тавигдаж байсан юм. Тиймээс манай улс ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран мэргэжлээс шалтгаалах өвчний эмчилгээ, оношлогооны үндэсний удирдамжийг гаргажээ.

Хэн нэгний бөөр өвдлөө гэхэд зөвхөн бөөрний эмгэг гэдэг утгаар нь эмчлэх бус, тухайн хүний ажил мэргэжлийн онцлогтой уялдуулан онош тогтоох, эмчилгээг ч тэр чиглэлд нь хийдэг байх нь энэ удирдамжийн гол үүрэг байгаа юм. Тухайн хүний эрхэлж байгаа ажлын гүйцэтгэл, ажлын орчин, хамт олноос хүртэл мэргэжлийн өвчин үүсдэг. Тиймээс тэр бүхэнд таарсан эмчилгээ хийх, зөвлөмж гаргах, тухайн эмч нь яаж эмчилэх аргаа тодорхойлохдоо энэ удирдамжийг барьж ажиллах юм. Эрүүл мэндийн болон нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас хамтарсан баг гарч, ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран энэ удирдамжийг боловсруулжээ.

ОХУ-ын анагаах ухааны доктор, профессор Виктор Снепапович Рукавишников хэлэхдээ:

“Монголд сүүлийн үед гарч байгаа мэргэжлийн өвчнүүдийг, эмч нарын ур чадвар, бас өвчтэй хүний амьдралын чанарыг судлаж үзсний үндсэн дээр энэ удирдамжийг гаргасан. Өвчнийг оношлохдоо өвчин яаж үүсч байгааг судлаад зогсохгүй, тухайн бүс нутагт хамааруулан мэргэжлийн онцлогийг судлаж байгаа. Өндөр мэргэжлийн нарийн мэргэшсэн эмч нар энэ өвчтэй ажиллах ёстой учраас энэ удирдамж үр дүнгээ өгнө өө. “

Манай улсад энэ төрлийн өвчлөлийг судлах үндсэн төв байдаг ч үнэндээ нэгдсэн удирдамжгүйгээр ур чадвартаа найдаж ажиллаж ирсэн. Одоо ийм судалдааны дүнд үндэслэсэн удирдамжтай болсон болохоор шалтгааныг тогтоож, тухайн байгууллагад зөвлөмж гаргадаг ажлаа илүү бодитой үндэслэлтэй болгож чадах юм.

Хамаарах ангилал: Эрүүл мэнд


Сэтгэгдэл байхгүй байна...

Сэтгэгдэл бичих